Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг \”Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон зарласан билээ. Энэхүү зарлигийн дагуу аравдугаар сарын 8-ны бямба гаригт \”Монгол Наадам Цогцолбор” ОНӨТҮГазраас санаачлан \”Ногоон төгөл” мод тарих өдөрлөгийг Хүй долоон худагт зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд НИТХ-ын дарга Ц.Сандуй болон НИТХ-ын Тэргүүлэгч, Төлөөлөгчдийн төлөөлөл, НИТХ-ын ажлын алба, \”Байгаль Эх Дэлхийгээ Аврах Тэнгэрлэг Аян” ТББ, МҮСХолбоо, \”Гурван бүдүүн” хамтлаг, Sync хамтлаг, дуучин Эгшиглэн, Монгол Наадам Цогцолборын ажилчид зэрэг нийслэл, урлаг, соёлын төлөөллөөс бүрдсэн 70 гаруй хүмүүс оролцож 1,5 метрийн өндөртэй 60 нарс мод тарилаа.
Өдөрлөгийн нээлтийн үеэр НИТХ-ын Дарга Ц.Сандуй: \”Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн мэндийг хүргэе! Монголчууд мод тарьдаг сайхан уламжлалтай болоод удаж байна. Энэхүү уламжлалын хүрээнд жилээс жилд иргэд, аж ахуйн нэгжүүд, олон нийтийн байгууллагууд, хүүхэд залуус мод тарих ажилд идэвхтэй оролцдог боллоо. Хүй долоон худагт мод тарих арга хэмжээг зохион байгуулж буй Монгол Наадам Цогцолборын хамт олонд талархал илэрхийлье. Бидний энэхүү байгаль орчноо сэргээх чиглэлээр хийж байгаа мод тарих ажил жил бүр илүү өргөжин Хүй долоон худгийг ногоон төгөл болгоно гэдэгт итгэлтэй байна. Энэ сайхан үйлс улам дэлгэрэх болтугай” гэв.
Тус өдөрлөгт ирсэн зочид төлөөлөгчид Хүй долоон худгийн бүтээн байгуулалт болон ерөнхий төлөвлөгөөтэй танилцлаа. Мөн \”Байгаль Эх Дэлхийгээ Аврах Тэнгэрлэг Аян” ТББ-ын Тэргүүн Б.Наранцогт нарс модыг хэрхэн тарих, арчлан хамгаалах, ургуулах талаар заавар, зөвлөгөө өглөө гэж \”Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГазраас мэдээллээ.