Өмнөд Солонгос улсын жилийн нийт нас баралтын тоо анх удаа нийт төрөлтөөсөө давсан байна. Төрөлтийн хувь харьцангуй бага орнуудын нэг тус улсын 2020 оны төрөлтийн тоо 2019 оныхоос арван хувиар буурчээ.
Өнгөрсөн жил 275,800 хүүхэд мэндэлж, 307,764 хүн нас барсан Өмнөд Солонгос улсын хүн амын өсөлт 1960 оноос хойш уналтад орсон бөгөөд жил ирэх тусам өндөр настнуудын тоо нэмэгдэж улсын төсөвт хүндрэл учруулж байгаа аж.
Өнгөрсөн сард Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жа Ин төрөлтийг нэмэгдүүлэх зорилгоор гэр бүлүүдэд урамшуулал олгох бодлогыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.
Тус бодлогын дагуу 2022 оноос эхлэн, мэндэлсэн хүүхэд бүрийн тоогоор эхийн жирэмсний үеийн зардлыг нөхөх 2 сая воныг олгох бөгөөд хүүхдэд сар бүр 300 мянган вон нэмж өгөх юм. Сар бүрийн урамшуулал 2025 оноос эхлэн 500 мянган вон болж өсөх аж
Өмнөд Солонгосын төрөлт буурсан шалтгаан нь эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт нэмэгдсэнтэй холбоотой гэж судлаачид үзэж байна. Судалгаанаас үзэхэд Солонгост одоогийн байдлаар гэр бүлд ээлтэй бодлого дутмаг байдгийн улмаас эмэгтэйчүүд амьдралаа авч явахын тулд ажил эрхлэн, хүүхдээс хэсэг хугацаанд татгалзах шаардлагатай болдог аж.