НӨХЦӨЛ БАЙДЛААС ХАМААРЧ ХАТУУ ХӨЛ ХОРИО СУНГАХ МАГАДЛАЛТАЙ
Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн асуудалтай холбоотой асуултад УОК, Засгийн газрын гишүүд хариулж байна.
-Тав хоног сунгаж байгаа үндэслэл нь юу вэ. Энэ хугацаанд ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна вэ. Замын-Үүд боомтоор гарахад хахууль авч байна гэсэн асуудлыг хөндөж байна.
Шадар сайд Я.Содбаатар: Мэргэжлийн байгууллагууд 14 хоног сунгах санал гаргасан. Бид олон талын нөхцөл байдлыг харгалзан үзэж тав хоногоор сунгахаар болсон. Одоогийн байдлаар голомт тодорхойгүй хоёр тохиолдол байна. Эдгээрийг хумьж авах, БЗД-т 90 мянган иргэнийг хамруулах шийдвэрийн хүрээнд 88,131 иргэнийг хамруулаад байна. Бид өнөөдрөөс эхлээд 7 хоногийн хугацаанд голомтуудыг хянах ажлыг хийнэ. Цар тахлын үед иргэдтэй хамтран ажиллах, иргэдээ сонсох нь чухал. Тиймээс судалгаа, тандалт хийсний үндсэн дээр хэцүү ч гэсэн шийдвэрийг ингэж гаргалаа. Гэхдээ хатуу хөл хориог дахин сунгах магадлалтай.
Өнөөдрийн байдлаар дэлхийн 99 орон хилээ хаасан байна. Манай улсын хувьд ч өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн хилээ хаасан. Өмнө нь Замын-Үүд боомтоор өдөрт 220 машин нэвтэрдэг байсан бол 25 болж буурсан. Энэ үед 10-г нь МҮХАҮТ, импортлогч, ААН-үүдэд өгсөн. Үлдсэн 15-д нь сайжруулсан түлшний барьцалдуулагч, эм эмнэлгийн хэрэгсэлд зориулсан. АТГ-т энэ асуудлаар хандсан. Мөн Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг болон Энхсаран сувиллын асуудлыг хууль хяналтын байгууллагад хандаж, шийдвэрлүүлж байна.
-Олон улсын бүртгэлд манай улсад нас баралт 1 гэж бүртгэсэн. Харин Эрүүл мэндийн яам үүнийг бусад шалтгаан гэж бичсэн нь ямар учиртай вэ?
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Халдвар авсан хүн нас барсан учраас бүртгэлд орсон. Тухайн иргэн архаг хууч өвчтэй, биеийн байдал нь маш хүнд Баянзүрх дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан. Энэ хүний үндсэн онош нь коронавирусийн халдвар биш, бүх биеийн булчингийн сулрал оноштой байсан. Коронавирусээс болж хүн нас барна. Халдвартай хүн уушгины эмгэг, амьсгалын дутагдлын улмаас нас бардаг. Дагалдах болон үндсэн онош гэж бий. ЭМЯ нас баралтыг нууж хаахгүй мэдээлж байгаа.
-Өдрийн орлогоороо амьдарч байгаа иргэдийн асуудлыг хэрхэх вэ.
Шадар сайд Я.Содбаатар: УОК та бүхэнтэй ижилхэн л ажиллаж, амьдарч байна. Засгийн газар бүх боломжит нөхцлөөр ажиллаж байна. Хавар ажлын байраа хадгалах нь чухал юм байна гээд НДШ-ийг чөлөөлсөн. Сая таван төрлийн төлбөрөөс хөнгөлж байна. Бид аль болох иргэдийн амжиргааг дэмжих чиглэлд ажиллаж байна. Гэхдээ Засгийн газрын, Монгол Улсын сан хөмрөг хэмжээтэй. Бид өмнө нь ч хэлж байсан. Мэргэжлийн байгууллагын санал, дүгнэлт дээр үндэслэж, гаргасан төлөвлөгөөний дагуу явж байна. Бид цаг үеийн нөхцөл байдлаас хамаарч бага зэрэг өөрчилж байна. Гэхдээ 80 хувь нь төлөвлөгөөний дагуу гаргаж буй шийдвэрүүд.
-Эмч нар ажлын ачаалал өндөр байгаагаас дархлаа суларч байна гэж байна. Сүүлд халдвар авсан эмнэлгийн ажилтан өдөрт 4-5 цаг унтаж байсан учраас дархлаа суларч халдвар авсан гэж мэдээлж байна. Тэгэхээр онцгой цаг үед ажиллаж байгаа эмч, мэргэжилтэн, цагдаагийн алба хаагч нарын ажлын ачааллыг хэрхэн зохицуулж байна вэ.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: ХӨСҮТ-ийн ачааллыг хэд дахин буулгасан. Одоо ачаалал хэтэрсэн зүйл байхгүй. Цэргийн төв эмнэлэгт хүний тооноос хамаарч давхар бүрд өөр багууд ажиллаж байна. Ажиллаж байгаа багууд 14 хоног тусгаарлагдан ажиллаж, түүний дараа дахин 14 хоног тусгаарлагдах байранд байрлаад хэвийн горимд шилжиж байна. Сүүлийн хэдэн сар эмч, эмнэлгийн ажилтнууд ачаалалтай ажилласан. Харин одоо бол хүний нөөцийн, ачааллын асуудлыг шийдсэн.
Шадар сайд Я.Содбаатар: Вакцинжуулалтыг сайн дурын үндсэн дээр хийдэг. Бид хүйтэн хэлхээ 0-8 градус буюу дэлхийн хэмжээнд гараад байгаа гурван ч вакциныг хүлээн авах боломжтой. Вакциныг голомтод ажиллаж байгаа хүмүүст эхлээд хийнэ. Дараа нь суурь өвчтэй хүмүүсийн жагсаалтыг гаргасан. Эхний вакцинд хамрагдах 10 мянган хүн, дараагийн 300 хүнийг салбар байршлаар нь гаргахаар ажиллаж байна. Вакцинжуулалтыг дагаад томоохон бүртгэл гарна. Манай улс вакцин хийлгэсэн хүмүүсийг бүртгэлжүүлэх ажлыг, цахим бүртгэлийг хийнэ. Вакцин хоёр тунгаар хийж байгаа тул бүртгэлтэй холбоотой нэлээд ажил хийж байна.