Нью-Йорк, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Туркойз Хилл” компанийн хувьцааны ханш Оюутолгой төслийг дагасан мэдээллүүдтэй холбоотойгоор 20 орчим хувиар уруудсан үзүүлэлттэй байна.
Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр тус компанийн хувьцааны ханш 19.2 хувиар унасан бол Торонтогийн бирж дээр 24 хувиар унав. Оюутолгой төслийг хэрэгжүүлэгч Монгол Улсын Засгийн газар болон төслийн менежмэнт, хөрөнгө оруулалтыг хариуцагч Рио Тинто, “Туркойз Хилл” компанийн хооронд шийдвэрлэх асуудлууд дахин нэмэгдсэнтэй холбоотойгоор ийнхүү хувьцааны ханш нь урууджээ.
Тодруулбал, Монгол Улсын Татварын албанаас “Оюу Толгой” компанид 649.4 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулснаа өнгөрсөн сард мэдэгдсэн. Үүнийг “Оюу Толгой” төслийн хөрөнгө оруулагч тал хүлээн зөвшөөрөхгүй, Арбитрын журмаар шийдвэрлэнэ гэдгээ мэдэгдээд байна.
Сануулахад, Татварын албанаас “Оюу Толгой” ХХК-д дөрөв дэх удаагийн хяналт шалгалтыг 2016-2018 оны санхүүгийн жилүүдийг хамруулан явуулахад, зөрчил илэрч, татвар нөхөн төлүүлэх акт үйлдсэн. Нийт 649.4 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулж, ирээдүйд шилжүүлэх алдагдлын дүнг 3.4 их наяд төгрөгөөр бууруулахаар шийдвэрлэсэн акт үйлдсэн гэж Татварын Ерөнхий Газраас мэдэгдсэн юм.
Татварын байгууллагаас ийн мэдэгдэхээс өмнөхөн Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талууд “Рио Тинто”, “Туркойз Хилл Ресурс” компаниуд Далд уурхайн нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэх асуудал дээр ойлголцолд хүрсэн.
Далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах нийт зардлыг 6.75 тэрбум ам.доллар, үйлдвэрлэл эхлэх хугацааг 2022 оны аравдугаар сар гэж “Рио Тинто” тооцоолсныг “Туркойз Хилл Ресурс” хүлээж авснаа зарласан билээ.
Харин Монгол Улсын Засгийн газрын зүгээс Далд уурхайн зардал нэмэгдсэн асуудал дээр сайтар нягтлах шаардлагатай гэсэн байр суурьтай байгаа. Монгол Улсын Засгийн газраас байгуулсан ажлын хэсгийн төлөөлөл 2020 оны арванхоёрдугаар сард “Рио Тинто” компанийн шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Якоб Стаусхолмтай цахимаар уулзаж, үүсээд буй шаардлага, нөхцөл байдлын талаар ярилцсан. Ажлын хэсгийн зүгээс Далд уурхайн бүтээн байгуулалтын зардал их хэмжээгээр нэмэгдэж, төслийн үр ашиг буурсныг чухалчлан авч үзэж, төслөөс Монгол Улсад ногдох үр ашгийг эрс нэмэгдүүлэх, холбогдох гэрээнүүдийг засаж сайжруулах, шаардлагатай бол Дубайн гэрээ буюу Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлах зайлшгүй шаардлагатай байгааг “Рио Тинто” компанид мэдэгдсэн юм.
Тухайн үед “Рио Тинто” компанийн зүгээс аль болох зөвшилцөх замаар асуудлыг шийдвэрлэж, төслөөс Монгол Улсад ногдох үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой саналыг гаргаж харилцан ашигтай хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ гэсэн мэдээллийг Засгийн газраас өгч байсан.
Тэгвэл сүүлийн мэдээллээс үзэхэд хөрөнгө оруулагч тал өөрсдийгөө 649.4 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алдангийг төлж барагдуулах ёсгүй гэж үзэн, Арбитрт хандахаар болж байна.