БНХАУ-ын дарга Си Жиньпины зарлигаар Монголын таван ахмад дайчид энгэрээ мялаалаа. 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн хүрээнд БНХАУ-ын Засгийн газраас 1939, 1945 оны дайнд оролцсон Монгол Улсын Г.Хэнгэрэг, Г.Батмөнх, Ж.Үнэнбат, Л.Данзан, В.Аюурзана нарын таван ахмад дайчинд Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн медаль олгосноо өчигдөр гардуулан өглөө. Ойн медаль гардуулах ёслол БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд болсон бөгөөд Батлан хамгаалах яамны дэд сайд А.Баттөр, Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, БХЯ-ны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр нарын удирдлагууд, ахмад дайчид, тэдний ар гэрийн төлөөлөл оролцов.