Хөл хориог сулруулах тохиолдол бүрд өвчлөл нэмэгдэж байгаа талаар ЭМЯ–ны ахлах шинжээч Д.Нарангэрэл хэллээ.
Тэрбээр “Манай улс хөл хорионы дэглэмийг авч хэрэгжүүлсэн. Хөл хорионы дэглэмийг сулруулах тохиолдол бүрд өвчлөл нэмэгдэж буй дүр зураг ажиглагдаж байна.
Мөн нэгдүгээр сарын 8-наас хойш хүн амын хөл хөдөлгөөн ихсэж байгаа талаар судалгаа гарчээ. Ингэж хүмүүсийн дунд бөөгнөрөл ажиглагдах нь эргээд иргэдийн дунд халдвар гарах эрсдэлийг үүсгэж байна.
Тиймээс хувь хүн бүр онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байж, нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхээс аль болох татгалзах зэрэг халдвар хамгааллын дэглэмийг сахих шаардлагатай.
Орон нутгийн зарим иргэн нийслэлээс Цагаан сарынхаа бэлтгэл ажлыг хангахаар бараа захих эсвэл ирэх зэрэг хандлагатай байна. Засгийн газраас энэ жил Цагаан сарыг өнжих шийдвэр гаргасан. Тиймээс бараа таваарыг олноор цуглуулах шаардлагагүй.
Дэлхийн олон эрдэмтэн, судлаачдын дүгнэлтээр 2021 он 2020 оноос ч илүү өвчлөл, эндэгдэлтэй байх магадлалтайг хэлж буй. Энэ талаар ч ДЭМБ гишүүн орнууддаа онцгой анхаарал, сонор сэрэмжтэй байх талаар зөвлөж байгаа” гэсэн юм.