Дэлхийн дулааралд хүний үйл ажиллагаа, тэр дундаа үйлдвэржилт, бүтээн байгуулалт маш хүчтэй нөлөөлж байгаа гэж эрдэмтдийн нэг хэсэг нь үздэг.
Харин нөгөө хэсэг нь 4,57 тэрбум жилийн тэртээ үүссэн манай гарагт уур амьсгалын өөрчлөлт байнга явагдаж ирсэн, дэлхийн дулаарал нь жам ёсны үзэгдэл бөгөөд хүний хүчин зүйл тийм ч хүчтэй нөлөөлөл үзүүлдэггүй гэнэ.
ДЭЛХИЙ ҮНЭХЭЭР ДУЛААРСАН УУ?
Олон мянган жилийн тэртээ манай гараг дээр уур амьсгалын янз бүрийн өөрчлөлт, үзэгдлүүд болж байв. Түүний нэг нь бидний амьдарч байгаа энэ цаг үед тохиолдож буй дэлхийн дулаарал юм.
Аж үйлдвэржилтийн эрин үе болох 1800-гаад оноос хойш дулааралд хүлэмжийн хий, үйлдвэрээс ялгарч буй хорт хий, экологийн тэнцвэр алдагдал, уул уурхай, бохирдолтой хог хаягдал гэх мэт хүчин зүйлүүд нөлөөлж байна.
Жилийн дундаж температур нэмэгдэж байгаа учраас дэлхий дулаарч байгаад эргэлзэх шаардлагагүй аж.
1750-1800 онд дундаж температур 0,8-1,2 градусаар нэмэгдсэн байна. Харин XXI зуунд хүлэмжийн хий хамгийн бага түвшинд ялгарвал 0,3-1,7 градусаар, хамгийн өндөр түвшинд нэмэгдвэл 2,6-4,8 градусаар нэмэгдэнэ гэсэн тооцоолол гараад байгаа юм.
Дулаарлын үр дүнд мөнх цэвдэг хайлж, далайн усны хэмжээ нэмэгдэн, хур тунадсанд өөрчлөлт орж, хэт халуун болж, цөлжилт тэлж байна. Энэ зууны эцэс гэхэд далайн усны түвшин 70 см-аар нэмэгдэнэ гэсэн тооцоолол ч гарчээ. Дулаарлын нөлөө газар нутаг бүрд харилцан адилгүй ба Монгол орон хуурайшиж байгаа хэсэгт ордог байна.
Гэхдээ эрдэмтдийн нэг хэсэг нь удахгүй бага мөстлийн үе эхэлнэ гэж үзэж буй.
ДАЛАЙН УС АГААРЫН 50-80 ХУВИЙГ ХҮЧИЛТӨРӨГЧЖҮҮЛДЭГ
Далайн ус бидний амьсгалж буй нийт агаарын 50-80 хувийг хүчилтөрөгчжүүлдэг. Мөн хүн төрөлхтний бий болгосон нүүрсхүчлийн хийн 95 хувийг далай өөртөө шингээх чадвартай гэнэ. /World Ocean Review/ Түүнчлэн далайд агуулагдаж буй нүүрсхүчлийн хий агаар мандалд агуулагдаж байгаагаас 90 дахин их аж.
Байгальд нүүрсхүчлийн хий ялгарснаар дэлхий дулаардаг уу, эсвэл эхлээд дулаарч, дараа нь нүүрсхүчлийн хий ялгарч байна уу гэдгийг судалжээ. Судалгаагаар далайн усны температур нэмэгдсэнээс 500-600 жилийн дараа СО2-ийн агууламж нэмэгддэг болохыг тогтоосон байна. Температур нэмэгдсэнээр далайн хүчиллэг нэмэгдэж, асар их хэмжээний экосистем өөрчлөлтөд орж, устаж үгүй болох эрсдэлтэй. Нэг экосистем устах нь бусдадаа хүчтэй нөлөөлөх аюултай гэнэ.
Нөгөөтээгүүр далайн усыг газрын тосны бүтээгдэхүүнээр бохирдуулснаар нүүрсхүчлийн хийг шингээх үйл явц удааширч, агаар мандалд СО2 хуримтлагдахад хүргэдэг байна.
I БҮЛЭГ СУДЛААЧИД: ХҮНИЙ БУРУУТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНААС ДЭЛХИЙ ДУЛААРЧ БАЙНА
Засгийн Газар хоорондын Уур амьсгалын өөрчлөлтийн хорооноос (Intergovernmental Panel on Climate Change-IPCC) “20-р зууны дундаас агаарын дундаж температур нэмэгдсэн нь агаар мандал дахь хүний үйл ажиллагааны үр дүнд бий болсон хүлэмжийн хийн агууламж нэмэгдсэнтэй холбоотой байх бүрэн боломжтой” гэжээ.
Байгалийн бусад хүчин зүйлүүд, тухайлбал нарны идэвхжилт, галт уулын дэлбэрэлт нь аж үйлдвэржилтийн өмнөх үеэс одоог хүртэлх хугацаанд маш бага хэмжээний нөлөө үзүүлж байсан гэж үздэг байна.
ХҮЛЭМЖИЙН ХИЙ БАЙГААГҮЙ БОЛ ДЭЛХИЙН ГАДАРГЫН ДУНДАЖ ТЕМПЕРАТУР -18 °C БАЙХ БАЙСАН
Хүлэмжийн хий нь нарнаас ирж буй цацраг туяаг өөртөө шингээж аван цацруулдаг нэгэн төрлийн агаарын давхарга юм. Энэ үйл явц нь хүлэмжийн нөлөөний гол учир шалтгаан юм. Озон буюу O3, усны уур, метан, нитро буюу N2O, CO2 гэсэн хийнүүд нь дэлхийн агаар мандалд зонхилох хүлэмжийн хийнүүд юм.
Хүлэмжийн хий нь дэлхий дээр нарны цацраг тусаагүй үед дэлхийг хурдан хөрөхөөс сэргийлдэг. Дэлхийн температурт ихээр нөлөөлдөг бөгөөд хүлэмжийн хийгүй байсан бол дэлхийн гадаргын дундаж температур -18°C байх байсан бөгөөд одоо байгаагаас дунджаар 33°C-аар бага дулаантай байх байжээ. /Wikipedia/
АЖ ҮЙЛДВЭРЖИЛТИЙН ЭРИН ҮЕ ЭХЭЛСНЭЭС ХОЙШ УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ ДЭЛХИЙ НИЙТИЙГ ХАМАРСАН
Швейцарийн Бернийн их сургуулийн эрдэмтэд ХХ зуунаас хойш ажиглагдаж буй дэлхийн дулаарлын хурд түүнээс өмнөх цаг үетэй харьцуулахад адилгүй байна гэжээ. Судалгаагаар аж үйлдвэрийн эрин үеэс өмнөх цаг үеийн уур амьсгалын өөрчлөлт нь тухайн бүс нутагтаа л ажиглагдаж байсан болохоос дэлхий нийтийг хамарч байгаагүй болохыг тогтоожээ. Тухайлбал, Бага мөстлөг Номхон далайн бүс нутагт XV дугаар зуунд, Европт XVII зуунд явагджээ.
Харин одоо ажиглагдаж байгаа дулаарал нь дэлхийн бөмбөрцгийн 98 хувийг хамарч байна гэв. Тиймээс энэ судалгаа нь хүний үйл ажиллагаа нь дэлхийн дулаарлыг хурдасгаж байгаагаас гадна хамрах хүрээг тэлж байна гэжээ.
II БҮЛЭГ СУДЛААЧИД: ХҮНИЙ ХҮЧИН ЗҮЙЛ ДЭЛХИЙН ДУЛААРЛЫН ШАЛТГААН БИШ
Үйлдвэрүүд болон автомашинууд дэлхийн дулааралд хүчтэй нөлөөлөл үзүүлж байна уу гэвэл өрөөсгөл ойлголт. Мэдээж тэдгээр хорт хий нь хүн төрөлхтний амьсгалах агаарыг бохирдуулж, төрөл бүрийн өвчин эмгэг үүсгэж байгаа нь ойлгомжтой. Гэхдээ дэлхийн дулаарлын шалтгаан гэгддэг хүний хүчин зүйл хэр том орон зайг эзэлж байна вэ гэдэг нь бас нэг өөр асуудал болж байна.
Агаар мандал дахь нүүрсхүчлийн хийн агууламж нэмэгдэх нь дулаарлын шалтгаан болж байна гэдэг нь таамаглал төдий. Одоогоор шинжлэх ухаанаар бүрэн баталж чадаагүй байна. Уур амьсгал байгалийн жамаараа хувьсдаг болохыг тогтоожээ. Тухайлбал, ХХ зууны эхээр бага мөстлөгийн үе дууссаны дараа манай гараг аажмаар дулаарч эхэлсэн байна.
Америкийн уур амьсгал судлаач Пирс Корбины хэлснээр “СО2 уур амьсгалд нөлөөлж байгаа гэвэл өрөөсгөл ойлголт. 1940-1970-аад онд нүүрсхүчлийн агууламж нэмэгдсэн ч дэлхий дахин хүйтэрч байсан. Харин 1920-1930-аад онд дулаарч байлаа. Тиймээс хүний хүчин зүйлээс шалтгаалж байна гэж тайлбарлаж болохгүй” гэжээ.
ДЭЛХИЙН ДУЛААРЛЫН НЭГ ШАЛТГААН: НАРНЫ ИДЭВХЖИЛ
Nature сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанаас харахад цаг уурын бүх үйл явц нарны идэвхжилтэй холбоотой байдаг. Олон зууны туршид цаг уурын эрдэмтэд хүчтэй соронзон орнууд болох нарны толбыг тоолж ирсэн ба энэ толбо олон байх тусам дулаардаг гэж дүгнэжээ. Бага мөстлөгийн үеэр наранд ийм толбо байгаагүй аж.
Энэ чиглэлээр Данийн цаг уурын их сургуулийн эрдэмтэд анхны судалгааг хийсэн бөгөөд 20-р зууны туршид ажиглагдсан нарны толбо болон температурын өсөлт бууралтыг холбон судалжээ. Нарны идэвхжил 1940-өөд оныг хүртэл ихэсч, дараа нь 1970-аад он хүртэл аажмаар буурсан бол, түүний дараа эргээд нэмэгдэж эхэлсэн байна.
УДАХГҮЙ БАГА МӨСТЛӨГИЙН ҮЕ ЭХЭЛНЭ, ЭХЛЭХГҮЙ
Эрдэмтдийн дунд дэлхийн дулаарал бус эсрэгээрээ мөстлөгийн үе эхэлж байна гэж үзэх хүн цөөнгүй байна. Тэд 3200 он хүртэлх нарны идэвхжлийн таамаглалыг гаргасан бөгөөд 15-20 жилийн дараа мөстлөгийн шинэ үе эхэлнэ гэж үзэж байна.
Судалгаагаар 350 жил тутамд нарны идэвхжил эрчимтэй унадаг бөгөөд энэ идэвхжил унах үе нь удахгүй ирэх магадлалтай гэж үзэж буй.
Сүүлийн 400 мянган жилийн хугацаанд таван удаагийн дэлхийн дулаарал, дөрвөн удаа мөстлөгийн үе тохиолджээ. Шалтгаан нь нарны идэвхжилтэй холбоотой.
Дээрх дүгнэлтэд хэдэн жилийн өмнө Европын цөмийн судалгааны CERN байгууллага мөн хүрсэн байна. Нарны идэвхжил өндөр байх тусам соронзон орон төдий чинээ хүчтэй байх бөгөөд сансрын туяаны нэг хэсгийг дэлхий рүү нэвтрүүлдэггүй байна. Ингэснээр үүл бага үүсдэг аж. Ийм маягаар нар дэлхийн температурыг тодорхойлдог гэжээ.
Гэвч НАСА-гийн эрдэмтэд нар 11 жил тутамд идэвхждэг ба үүнийг урьдчилан таамаглах боломжтой байдаг гэжээ. 2008 онд эхэлсэн нарны идэвхжил 2020 онд дууссан гэж үзэж байна. Тэгэхдээ нарны идэвхжил хамгийн доод түвшиндээ хүрэх үед Бага мөстлөгийн үе эхлэхгүй гэв.
ДЭЛХИЙН ДУЛААРЛЫН ЦААНА…
Нийгмийн нэг хэсэг нь: Дэлхийн дулаарал бол ашигтай бизнес
Дулаарлын талаар АНУ-ын Дэд ерөнхийлөгч асан Альберт Гор дэлхий нийтэд илүү ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар таниулж байв. Тэрбээр 2007 онд дэлхийн дулаарлын талаарх “Тааламжгүй үнэн” бүтээлээрээ Оскарын хоёр шагнал, мөн байгаль орчноо хамгаалах үйлсэд зүтгэсэн хэмээн Нобелийн шагнал хүртжээ. Гэвч түүнийг бүтээлдээ шинжлэх ухааны үндэслэлгүй баримтуудыг дурдсан гэж зарим эрдэмтэд үздэг.
Дэлхийн дулаарлын судлаач, Нобелийн шагналтан Айвор Жаевер энэ асуудлыг олон жилийн турш дэвэргэж байна хэмээн Америкийн физикийн нийгэмлэгээс гарчээ. Түүнчлэн энэ асуудалд шүүмжлэлтэй ханддаг Калифорнийн их сургуулийн профессор Хэл Люис дэлхийн дулаарлыг “шинжлэх ухааны луйвар” хэмээн мөн л тус байгууллагаас гарсан байна.
Байгаль орчноо хамгаалахын төлөөх тэмцэл бол хамгийн хүмүүнлэг үйлдэл ч дэлхий нийтийн айдаст тулгуурлан нэр хүнд амархан олж авч, эрх мэдэлд хүрэх арга хэрэгсэл, эсвэл мөнгө олох маш ашигтай салбар гэж зарим мэргэжилтнүүд үзэж буй.
Хүлэмжийн хийг бууруулах асуудлыг шийдэх арга замаар шинжлэх ухааны судалгааны байгууллагууд, их сургуулиуд, иргэний нийгмийн байгууллагууд асар их хэмжээний хөрөнгө оруулалт авдаг ба мэдээж тэд хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж, судалгаандаа энэ мөнгөө зарцуулдаг гэжээ.
Олон улсад алдаршсан уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүчтэй тэмцэгч Грета Тунбергийг насанд хүрэгчид улс төрийн зорилгоор ашиглаж байна гэж Путин тэргүүтэй зарим улс төрчид үзэж буй. Зарим нь Грета Тунбергийг үйлдвэрийн эзэд “ногоон шийдэл”-ээ борлуулахад, харин ногоон байгууллагууд эко хөдөлгөөний нүүр царайгаа болгон ашиглаж байна гэжээ. Гэвч Грета өөрийгөө ямар ч байгууллагад хамааралгүй гэх бөгөөд дэлхийн дулаарлын эсрэг тэмцсээр байх болно гэдгээ мэдэгдсэн.
Дэлхийн дулааралд АНУ-ын Ерөнхийлөгч Трамп итгэдэггүй гэдгээ илэрхийлж Парисын хэлэлцээрээс гарсан. Намынхан нь ч энэ асуудалд шүүмжлэлтэй ханддаг бол эсрэгээрээ АНУ-ын Ардчилсан нам “ногоон хувьсгал” хийх томоохон төлөвлөгөө бэлдсэн юм.
Нийгмийн нөгөө хэсэг: Анхаарахгүй байж болохгүй хамгийн чухал салбар
2019 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Европын холбоо уур амьсгалыг хамгаалах 2050 оны стратегиа танилцуулсан. Тус төлөвлөгөөнд ойрын 30 жилдээ Европын холбооны орнууд хүлэмжийн хийн хаягдалгүй болно гэв. Эхний ээлжид газрын тос, байгалийн хий, нүүрснээс татгалзах тухай тусгажээ.
Жо Байден АНУ-ын Ерөнхийлөгч болсноор Парисын гэрээнд нэн яаралтай эргэж нэгдэхээ амласан. Тэрбээр стратеги төлөвлөгөөгөө танилцуулахдаа газрын тос, хийн худгийн өрөмдлөгийг хязгаарлах, автомашины хийн хаягдлыг хязгаарлахад чиглэсэн хатуу журмуудыг сэргээх, сэргээгдэх эрчим хүчний хөгжилд хувь нэмрээ оруулагчдад засгийн газраас урамшуулал олгохоо амлаж, бусад улс орнуудыг нүүрстөрөгчийн хийн хаягдлаа бууруулахыг уриалсан юм. Тэрбээр дэлхийг аврахын тулд шинжлэх ухааны хүчээ нэгтгэх ёстой хэмээн иргэддээ хандан хэлж байлаа.
Байден 2035 он гэхэд цахилгаан эрчим хүчний салбараас ялгарч буй нүүрсхүчлийн хийг багасгах бөгөөд цаг агаарын нөхцөлд орон сууцыг дасан зохицуулах төслөөс эхлээд автомашиныг цэнэглэх дэд бүтэц байгуулах зэрэг төрөл бүрийн арга хэмжээнд 2 их наяд доллар зарцуулахаа мэдэгдсэн.
Хүн төрөлхтөн байгалийн бодит гамшгийн эсрэг тэмцэх хэрэгтэй гэж эрдэмтэд үзэж байна. Тухайлбал, ой модыг устгах, гол мөрөн бохирдуулах, химийн болон цацраг идэвхт бодисоор хуурай газар болон далай тэнгисээ бохирдуулах зэргийн эсрэг зогсох ёстойг анхааруулж байна.