Кремлийг тууштай эсэргүүцэгч Алексей Навальный нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины нарийн, нууц тогтолцоогоороо олж авсан авлигаараа бариулсан тэрбум ам.доллартай тэнцэхүйц үнэ бүхий далайн эргийн харшийн талаар бичлэг нийтэлжээ.
Тухайлбал, Навальныйгийн авлигын эсрэг сан энэ долоо хоногт хар тэнгис дэх Геленджик паласын талаар тайлбарлаж буй хоёр цаг орчим үргэлжлэх бичлэгийг олон нийтэд ил болгожээ. Тэгэхдээ сангийнхан тус бичлэгийг холбогдох албан ёсны эх сурвалжууд, албан хаагчид, албаны бичиг баримтууд зэргээр баталгаажуулсан хэмээсэн юм. Харин Кремль тус бичлэгийг “ямар ч утгагүй худал зүйл” хэмээн мэдэгджээ.
Навальный өнгөрсөн долоо хоногт Москвад эргэж ирмэгцээ цагдаа нарт баривчлагдсан билээ. Тэрбээр өнгөрсөн жил хордож, Германд очин эмчлүүлснээсээ хойш анх удаа нутагтаа эргэн ирсэн нь энэ юм.
Бичлэг дээр тайлбарласнаар Путин тус 17691 метр.кв харшаа наанадаж 2014 оноос хойш бариулж байгаа гэнэ.
Хэдийгээр ОХУ-ын Ерөнхийлөгч нар хар тэнгисийн ойролцоох Сочи хотод албан ёсны орон сууцтай байдаг ч Геленджик палас бол цэвэр Путины өөрийн хөрөнгөөр бариулсан харш хэмээн авлигын эсрэг сан мэдээлжээ.
Бичлэг дээр Навальны тус харшийг “Энэ бол улсаас бариулсан байшин биш, зуслангийн байшин гэхэд хэтэрхий том юм. тэгсэн хэрнээ нийтийн орон сууц ч биш. Энэ бол бүтэн хот, эсвэл хаант улс гэсэн ч болохоор том, Путины хувийн харш юм” хэмээн ярьсан байна.
Барилгын зураг төсөл, холоос дарсан гэрэл зураг зэргээс үзэхэд нэвтрэх аргагүй өндөр хашаатай тус палас дотор усан боомт, сүм, нисэх хориотой бүс, шалган нэвтрүүлэх манаачийн цэгүүд, дарсны агуулах, театр, спорт зал, усан сан, үдэшлэгийн усан сан, хоккейн талбай зэрэг бий аж.
Авлигын эсрэг сангийн тооцоолсноор харшийн нийт өртөг ойролцоогоор 100 тэрбум рубль буюу 1.3 тэрбум ам доллартай тэнцэх бөгөөд тэр хөрөнгийг Путин ойрын хүрээллийнхээ авлигаар босгосон гэх үндэслэл бий гэнэ.
Мөн зарим эх сурвалжийн мэдээлснээр харшид хэдэн мянган хүн ажиллах ч нууц байдлын үүднээс нэгч камертай гар утас оруулдаггүй аж.
Харин Путины төлөөлөгч Дмитри Песков дээрх мэдээллийг ямар ч үндэслэлгүй хэмээн эрс эсэргүүцсэн байна.