Эрүүл мэндийн яам 2016-2017 онуудад хэрэгжүүлэх Глобаль сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн шинэ төслийг хэрэгжүүлэгч байгууллагуудтай гэрээ байгууллаа. Энэ төсөл нь 1,5 жилийн хугацаатай хэрэгжих бөгөөд нийт долоон салбар хүлээн авагч байгууллагаар дамжуулан төслөө хэрэгжүүлэх юм.
Сүрьеэ өвчинтэй тэмцэх, сэргийлэхэд олон салбарын оролцоог хангах зорилгоор төрийн болон ТББ, мөн төр хувийн хэвшлийн түншлэлийн байгууллагуудыг хэрэгжүүлэгчээр сонгон шалгаруулсны нэг нь Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн юм. Төслийн үндсэн чиглэл нь Сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эмэнд дасалтай сүрьеэг бууруулахад анхаарах явдал бөгөөд санхүүжилтийн 34 хувь нь сүрьеэгийн эсрэг эмэнд, 17 хувь нь сүрьеэгийн оношлогоонд нэн шаардлагатай урвалж оношлуурт, 17 хувь нь сүрьеэтэй тэмцэх асуудалд олон нийтийн оролцоог хангахад, 13 хувь нь халдвар хяналтын дэд бүтэж, мэдээллийг тогтолцоог сайжруулахад, 12 хувь нь сургалт, хяналт шинжилгээ үнэлгээнд зарцуулагдахаар төлөвлөжээ.
Бусад шалгарсан байгууллагыг дурдвал, ХӨСҮТ, ШШГЕГ-ийн харьяа Хорих 429-р анги, Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг, Монголын өрхийн анагаах ухааны эмч, мэргэжилтнүүдийн холбоо, Монголын сумын эмч, мэргэжилтнүүдийн холбоо шалгарчээ. Глобаль сангийн санхүүгийн дэмжлэг нь буцалтгүй тусламж хэлбэрээр олгогддог ба манай улсын тогтвортой хөгжлийн бодлого, халдварт өвчинтэй тэмцэх сэргийлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад чухал үүрэг гүйцэтгэх юм.