Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад энэ сарын 1-ний өдөр онц байдал зарласантай холбогдуулан Монгол Улсын Гадаад харилцааны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл гаргалаа.
Мэдэгдэлд, “Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр онц байдал зарлаж, ардчиллын төлөөх үйл явцыг тасалдуулж болзошгүй нөхцөл байдал үүсч буйд сэтгэл зовниж байна. Монгол Улс Мьянмар дахь ардчиллын төлөөх үйл явцыг тууштай дэмжиж ирсэн. Мьянмар дахь ардчилсан улс төрийн тогтолцоог аль болох ойрын хугацаанд сэргээнэ хэмээн найдаж байна” хэмээжээ.
Ташрамд дурдахад, Мьянмарын цэргийнхэн даваа гарагт нэг жилийн хугацаатай онц байдал тогтоож, улс орныг хяналтдаа авсан билээ. Өнгөрсөн оны 11 дүгээр сард болсон парламентын сонгуульд томоохон хэмжээний луйвар хийсэн тул ийм шийдвэр гаргасан гэж цэргийнхэн тайлбарласан юм. Парламентын сонгуульд “Ардчиллын төлөө үндэсний холбоо” нам ялалт байгуулсан бөгөөд даваа гарагт Засгийн газраа эмхлэн байгуулах ёстой байв.
Киодо агентлагийн мэдээлснээр, Мьянмарын цэргийн эрх мэдэлтнүүд өчигдөр эрх баригч “Ардчиллын төлөө үндэсний холбоо” намын удирдлага, идэвхтнүүд, мөн төрийн зөвлөх бөгөөд Гадаад хэргийн сайд, Нобелийн Энх тайвны шагналт Аун Сан Су Чи зэрэг хэдэн зуун хүнийг баривчилжээ.