Нийслэлийн Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороонд оршин суудаг өндөр настай эмэгтэйг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан нь өнгөрсөн өдрүүдэд олон нийтийн анхаарлын төвд байлаа. Бусдад элдэв зан ааш гаргаад байхгүй, мөрөөрөө явдаг настай хүнийг хөнөөсөн нь ямар шалтгаантайг бүрэн тогтоогдоогүй байгаа ч цагдаагийн байгууллагаас өгсөн анхан шатны мэдээллээр энэхүү хэргийг шунахайн сэдэлтэйгээр үйлдсэн хэмээж байв.
Өчигдөр ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс энэ хэргийн талаар мэдээлэл хийсэн бөгөөд цогцост хийсэн задлан шинжилгээгээр хохирогч амьсгал бүтэлтийн улмаас нас барсан ба хүзүүнд нь үүссэн зүсэлтийн шарх үхэлд хүргээгүй гэх урьдчилсан дүгнэлт гарчээ.
ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Ё.Лхагвасүрэн хэлэхдээ \” Хэргийн газарт шаардлагатай шалгалтын ажиллагаануудыг тасралтгүй явуулж ажиллахад хэргийн газраас бэхжүүлсэн гарын хээ Б-гийн гарын мөртэй тохирсон учир шуурхай эрэн сурвалжилснаар сэжигтнийг баривчилсан.
Сэжигтэн Б нь 1991 онд Герман улсад төрсөн, 24 настай эрэгтэй. Хэргийн газраас алмазан шигтгээтэй бөгж, гар утас, дөрвөн ширхэг түлхүүр, хутга зэрэг алдагдсан. Алдагдсан гар утас, хутга зэргийг олсон бөгөөд бриллиантан шилтгээтэй шар өнгийн метал бөгжийг зарж борлуулсан болох нь тогтоогдсон” хэмээсэн юм.
Цагдаагийнхан сэжигтэн Б-г амиа алдсан 70 настай эмэгтэйтэй ямар холбоотой талаар мэдээлэл өгөх боломжгүй хэмээсэн. Бид өөр нэгэн баттай эх сурвалжаас энэ талаар тодруулахад 1991 онд төрсөн сэжигтэн Б нь Германд байхдаа хоёр жилийн цэргийн алба хаасан. Эрүүл чийрэг залуу. Хамгийн ноцтой нь талийгаач эмээгийн ач охинтой үерхдэг залуу байсан талаар мэдээллэсэн юм.
Тухайн хэрэг энэ сарын 17-нд гарсан бөгөөд үүнээс хойш 92 цагийн хугацаанд УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Улаанбаатар хотын цагдаагийн газрын онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Эрүүгийн цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсгийн 18 алба хаагч гурван машинтайгаар сэжигтэнийг эрэн сурвалжилж, 20-ны орой баривчилсан юм.