УИХ-ын
дарга М.Энхболд БНХАУ-д
айлчлаад ирсэн. Тэрээр айлчлалынхаа талаар санал өгөх байранд ирсэн
сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
Тэрээр \”Хятадын төр засгийн
удирдлагуудтай уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаатай холбоотой
тодорхой асуудлаар санал бодол солилцсон. 60
хоногийн дараа 580 сая ам.долларын зээлийн төлбөр хүлээгдэж байна. Эдгээрийн
төлбөр тооцоог хийхийн тулд олон талын эх үүсвэр, боломж бололцоог судлан
ажиллаж байна.
Тус
улсаас манайд хоёр жилийн өмнө буюу 2014 оны наймдугаар сард Засгийн газраасаа
нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох эрх өгсөн. Зээлийнхээ 15 хувьтай
тэнцэх хэмжээний хөрөнгийг Монголын тал гаргах ёстой байсан ч үүнийг хоёр
жилийн туршид ашиглаж чадаагүй. Үүнийг бид Монголын талд ашигтай байхаар
шийдвэрлэх, 15 хувь дээр хөнгөлөлт үзүүлэх талаар судалж үзэхийг хүссэн.
Си
Зиньпин дарга энэ талаар \”Эксим” банкинд чиглэл өгч, зээл ашиглах хугацааг
түргэтгэх чиглэлд дэмжиж ажиллахаа мэдэгдсэн. Мөн манай зүгээс 2-оос доош хувийн
хүүтэй, 20-оос дээш жилийн хугацаатай, эдийн засгийг дэмжсэн зээл олгох боломж
байна уу гэж хандсан. Ингэхдээ зөвхөн зээлийн нөхцөл, боломжийн талаар судалж
үзэх хүсэлт тавьсан юм. БНХАУ-ын
дарга энэ талаар холбогдох байгууллагуудтай ярилцаж, судалж, тодорхой хариу
өгөхөө мэдэгдлээ.
Ерөнхий
сайд Японд, Сангийн сайд, Монголбанкны удирдлагууд Вашингтонд гэхчилэн
санхүүгийн байгуулагуудтай яриа хэлэлцээ хийсэн. Энэ бүхний нэг хэсэг нь
БНХАУ-ын төр засагт нэн хөнгөлөлттэй зээл олгох асуудлаар хүсэлт тавьсан явдал
юм.
Энд
ямар нэг байдлаар зээлийн гэрээ, хэлцэл хийсэн зүйл байхгүй. БНХАУ-ын тал
судлаад хариу илгээсний дараа Засгийн газар ямар хэмжээгээр, ямар зориулалттай
авахаа УИХ-д танилцуулж, шийднэ. Ямар нэг улс төрийн зорилгоор нэгнийгээ
гадаадад олон улсын арга хэмжээнд оролцоод ирэхэд нь өмнөхөө мартчихаад, улс
орныг өр зээлэнд орууллаа гэх байдлаар гүтгэж, олон нийтийг төөрөгдүүлсэн
мэдээ, мэдээлэл хийх нь зохимжгүй” гэсэн тайлбар хийлээ.