Завхан аймгийн Шилүүстэй суманд хоёрдугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотоос ирсэн иргэн болон түүний ээжийн PCR шинжилгээний хариу өнөөдөр “эерэг” гарч Завхан аймагт коронавируст халдварын батлагдсан тохиолдол хоёр бүртгэгдлээ.
Завхан аймаг руу орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөний гуравдугаар сарын 15-ны өдөр хүртэл хязгаарлаж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг энэ сарын 9-ний өдөр хүртэл цахимаар хичээллүүлэхээр шийдвэрлэв.
Мөн Шилүүстэй суманд хатуу хөл хорио тогтоож Цагаанчулуут, Цагаанхайрхан, Отгон сумаас гарах, орох хөдөлгөөний хязгаарлалаа.
Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал “Улаанбаатар хотод оршин суух иргэн О-ийн нэгдүгээр хавьтал болох иргэн Х Шилүүстэй сумд хоёрдугаар сарын 27-ны өдөр ирсэн. Сумын төвийн өрхийн эрүүл мэндийн төвд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад сөрөг гарсан. Дараа нь ХӨСҮТ-өөс шинжилгээ авахад эерэг гарсан.
Гурав дахь удаагаа түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад тод эерэг гарсан.
Тиймээс өчигдөр АОК тус иргэний болоод хамгийн ойрын хавьтлын 11 хүний PCR шинжилгээний сорьцийг нийслэл рүү явуулсан. ХӨСҮТ-өөс өнөөдөр хариу нь ирсэн.
Ингэхэд Улаанбаатараас ирсэн иргэн Х болон түүний ээж нар халдвартай болох нь тогтоогдсон. Одоогийн байдлаар нэгдүгээр хавьтлын 11, хоёрдугаар хавьтлын 35 хүн тогтоогдсон.
Бусад хавьтлуудыг олж тогтоохоор ажиллаж байна. Өнөөдөр оройноос эхлэн аймгийн орох, гарах хөдөлгөөнд тодорхой хэмжээний хязгаарлалт хийхээр болсон. Цаашлаад хичээл сургалтын танхимын үйл ажиллагааг цахимаар оруулахаар болсон.
Гуравдугаар сарын 9 хүртэл тандалт судалгааг хийгээд харьцангуй гайгүй байвал цаашдаа хөл хориог сулруулна.
Халдвар авсан нь тогтоогдсон хоёр хүний биеийн байдал хэвийн байгаа.
Ойрын хавьтлын 11 хүн дунд Отгон сумаас аав, ээжтэйгээ золгох гэж ирсэн хүүхэдтэйгээ нийлээд дөрвөн хүн бий. Иргэн Х нь Шилүүстэй сум руу ирэхийн өмнөх өдөр үеэлийндээ очиж золгочхоод гэртээ харьсан. Үеэлээс нь хоёрдугаар сарын 27-нд халдвар илэрсэн” гэж мэдэгдэв.