ЭМЯ-ны ээлжит хурлын үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн дараах мэдээллийг өглөө.
Тэрээр “Иргэд шаардлагагүй тохиолдолд шинжилгээ өгөхгүй байх, байгууллага, ААН-ууд заавал шинжилгээний хариу иргэдээс шаардахгүй байхыг хүсэж байна. Нэг хүний цаана гэр бүлийн 3-4 хүн ойрын хавьтал болж байна. Тиймээс бид сэжигтэй тохиолдлын ойрын хавьтлуудаас шинжилгээг 24 цагийн дотор авч ажиллаж байна. Ойрын хавьталын хүн халдвар авах магадлал 20-40 хувь болохыг ДЭМБ-аас гаргасан.
Шинжилгээний цэгийг нэмэгдүүлэх талаар одоогоор яригдаагүй. Үүнээс гадна лабораторийн хүрэлцээ тоо хязгаартай тул ачааллыг харгалзаж үзэх хэрэгтэй. Зориулалтын бус газар ор дэлгэж байгаа тухайд иргэд нэг ойлголттой болох хэрэгтэй. Одоогийн байдлаар 2107 орны нөөцийг хангаад байгаа. Бөхийн өргөө, Буянт ухаа цогцолборт ор дэлгэх асуудлыг урьдчилсан байдлаар төлөвлөж байна.
Монгол Улсад батлагдсан халдварын 90 орчим хувь нь хөнгөн хэлбэртэй байгаа учраас иргэд хүн хоорондын зай барих нь чухал. Төлөвлөгөө ёсоор дараагийн ээлжийн вакцины татан авалтыг нэг өдрийн өмнө ч гэсэн оруулж ирэхэд анхаарч байна. Мөн ирэх сард БНХАУ-аас вакцин оруулж ирнэ. Засгийн газраас танилцуулсан дархлаажуулатын журам хэвээр байна. Covid-19 халдвар сүүлийн үед эрс нэмэгдэж, хүндэрч байна” гэв.