Шинэ Зеландад хүүхдээ алдсан хос гурав хоногийн цалинтай чөлөө авах боломжтой боллоо. Тус улсын парламент зулбалт буюу амьгүй төрөлттэй нүүр тулсан хосод гурван өдрийн цалинтай чөлөө олгох тухай хууль тогтоомжийг саяхан санал нэгтэй баталж, тэтгэмж олгож буй хүмүүсийн тэргүүн эгнээнд оруулав.
Тус улсын ажил олгогчид ажилтны хүүхэд амьгүй төрөх болон ураг 20 ба түүнээс дээш долоо хоногийн дараа зулбасан тохиолдолд цалинтай чөлөө олгохыг шаардаж байсан юм. Энэ нь ойрын хугацаанд хуульчлагдан хүчин төгөлдөр болох аж.
“Ийм тохиолдолд эмэгтэйчүүд уй гашуугаа дарж, бие бялдар, сэтгэлзүйн хувьд даван туулахын тулд хүчээ сэлбэх цаг хугацаа шаардлагатай байдаг. Тэд амьдралаа хэвийн үргэлжлүүлэхийн тулд хэсэг хугацаанд түр амсхийх шаардлагатай учраас ажлаасаа хэд хоног хол байх ёстой юм байна гэдгийг мэдэрсэн” гэж хуулийн төслийг боловсруулсан парламентын Хөдөлмөрийн гишүүн Жинни Андерсен хэллээ.
Гэхдээ шинэ хууль үр хөндөлтөд хамаарахгүй гэжээ. Шинэ Зеланд улс өнгөрсөн жилээс эхлэн үр хөндөлтийг гэмт хэрэгт тооцох болов. Энэхүү хууль батлагдсанаар түгээмэл тохиолддог хэдий ч нийгэмд хаалттай сэдэв болсон үр зулбалтын талаар ээжүүд ярилцаж, тусламж авч, нийгмийн хандлагыг өөрчлөхөд нөлөөтэй гэж үзжээ.
Австралид 12 долоо хоногоос дээш хоногтой ургаа алдсан тохиолдолд цалингүй чөлөө авах эрхтэй байдаг бол Их Британид 24 долоо хоногоос дээш хоногтой ураг зулбасан бол эцэг эхэд цалинтай чөлөө авах боломжтой байдаг.
АНУ-д нийт жирэмслэлтийн 20 хүртэлх хувь нь зулбадаг бол таван сая хүн амтай Шинэ Зеландын Эрүүл мэндийн яамны тооцоолсноор 10 жирэмслэлт тутмын 1-2 нь зулбадаг гэжээ.
Мөн хүүхдээ мэндлэхээс өмнө алдсан эцэг эхчүүдэд дэмжлэг үзүүлдэг “Sands New Zealand” буяны байгууллагаас жил бүр 5900-11800 зулбалт буюу амьгүй төрөлт тохиолддог гэжээ. Шинэ Зеландын эх баригчдын коллежийн мэдээллээр зулбалтын 95 гаруй хувь нь жирэмсний эхний 12-14 долоо хоногт тохиолддог байна.