Хугацаат цэргийн алба хаагч харамсалтайгаар амь насаа алдсантай холбогдуулан Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд мэдээлэл хийж байна.
Зэвсэгт хүчний жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын дарга бригадын генерал С.Дашзэвэг:
2021 оны гуравдугаар арын 28-ны өдөр зэвсэгт хүчний 326-р ангийн салааны захирагч дэслэгч Г нь харуулын даргын үүрэг гүйцэтгэж байх үедээ харуулын байлдагч Б-гийн биед халдаж цэргийн дүрмийн бус харьцааны зөрчил гарган хүнд гэмтэл учруулсан. Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штаб, Хуурай замын цэргийн командлалаас яаралтай арга хэмжээ авч байлдагч Б-г Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт хүргүүлэн, яаралтай тусламж үзүүлсэн боловч харамсалтайгаар амь насаа алдлаа.
Талийгаачийн аав, ээж, ах, дүү, төрөл төрөгсдөд Монгол Улсын Батлан хамгаалах яам Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлага болон Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүний өмнөөс гүн эмгэнэл илэрхийлэн, уучлалт хүсэж байна.
Монгол Улсын Батлан хамгаалах яам болон Зэвсэгт хүчний жанжин штабаас хяналт шалгалт явуулан болсон үйл явдал, хэрэг гарсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, сахилга дэг журам бэхжүүлэх салбар зөвлөлүүд яаралтай хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа.Үүнд:
1. Зэвсэгт хүчний 326-р ангийн захирагчаар ажиллаж байсан хурандаа С.Батболдыг албан үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
2. Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлалын тодорхой албан тушаалтнууд мөн хэрэг гарсан тухайн өдөр ажиллаж байсан албан хаагчдад шат дараалсан арга хэмжээ авахаар ажиллаж байна.
Түүнчлэн Монгол Улсын Батлан хамгаалахын Сайд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга 2021 оны гуравдугаар сарын 30-ний өдөр Зэвсэгт хүчний хэмжээнд гарч байгаа хэрэг зөрчил түүнийг таслан зогсоох чиглэлээр зэвсэгт хүчний бүх нэгтгэл ангиудын захирагч, дарга нартай цахим хурал зохион байгуулж дараах үүрэг чиглэлийг хүргүүлээд байна. Үүнд цар тахлын нөхцөл байдалтай уялдуулж Зэвсэгт хүчний хэмжээнд алба хааж байгаа бүх шатны офицер, ахлагч нарын албаны төлөвшилт, мэргэжлийн бэлтгэлийн түвшинг яаралтай тогтоохоор шийдвэрлээд байна. Уг шалгалтын дүнг үндэслэн цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлж ажиллах болно.
3. Хугацаат цэргийн албан хаагчдын алба хааж байгаа нөхцөл байдал цэргийн албаны талаар хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран эцэг эх, ар гэрийнхэнд нь танилцуулах арга хэмжээг хэрэгжүүлэхээр шийдвэрлээд байна. Одоогоор тус хэрэгт холбогдолтой салааны захирагч дэслэгч Г–г Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэсэгт шилжүүлэн хэрэг бүртгэх мөрдөн байцаалтын үйл ажиллагааг цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж байна гэлээ.