-Хуулийн төсөл-
Насанд хүрсэн хоёр эрэгтэй хүн тутмын нэг нь архины хамааралтай. Энэ бол Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын УИХ-ын чуулганы танхимд хэлсэн үг.
“ДЭМБ-аас гаргасан судалгаагаар нэг хүнд ногдох согтууруулах ундааны хэмжээ 6.2 литр байх бөгөөд энэ үзүүлэлт 8 литрээс дээш гарсан тохиолдолд тухайн үндэстэн аюулд учирсан гэж үздэг. Гэтэл манай улсад 18-аас дээш насны хүнд нэг хүнд 2019 онд 8.5 литр архи, дарс, 28.5 литр шар айраг ногдож буй нь аюултай түвшнээс давсан буюу муу үзүүлэлттэй гарсан. Өнөөдөр Монгол Улсад гарч байгаа гэмт хэргийн дийлэнх нь архинаас үүдэлтэй” гэдгийг тэрбээр мөн тодотгов.
Хүнсний дэлгүүрээр архи худалдаж байгааг зогсоож, 18 градусаас дээш хатуулагтай согтууруулах ундааг найман нэрийн дэлгүүрээр худалдаалахыг хориглох нь зүйтэй
Нэг хүнд ногдох архи, согтууруулах ундааны хэрэглээ хэт өндөр, “дээд амжилт тогтооход” ойрхон байгаа тул, үүнээс үүдэн гарч буй гэмт хэргийн тоо тасралтгүй өсөж байгаа тул хуулиар зохицуулах нь зүйтэй гэж үзсэн тул Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ хэлэлцэж эхлээд байна.
Өнгөрсөн парламентад гишүүнээр ажиллаж байсан эмэгтэй гишүүд уг хуулийн төсөлд нэлээд ач холбогдол өгч байв. Ингэхдээ архийг талх шиг худалддаг байж болохгүй гэдгийг онцолж байв. Тодруулбал, хүнсний дэлгүүрээр архи худалдаж байгааг зогсоож, 18 градусаас дээш хатуулагтай буюу бүх төрлийн шар айраг, виноноос бусад төрлийн согтууруулах ундааг найман нэрийн дэлгүүрээр худалдаалахыг хориглох нь зүйтэй гэж байсан юм.
АРХИЙГ ЗӨВХӨН ТУСГАЙ ДЭЛГҮҮРТ ЗАРДАГ БОЛГОЁ
Орцны, гудамжны дэлгүүрт архийг талхны дэргэд тавиад зардаг байдлыг таслан зогсоосноор согтууруулах ундааны хэрэглээнд соёл суулгах боломжтой гэж үзэж байв. Архи бол талхтай адил хэрэглээ биш гэдгийг хүүхдэд багаас нь ойлгуулаад зогсохгүй, өнөөдрийн насанд хүрэгчдэд хатуулаг өндөртэй архийг хаа дуртай газраасаа авахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх нь зүйтэй гэж үзсэн хэрэг.
Хуулийн төсөл хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Архи, согтууруулах ундааны хэрэглээ, түүнээс үүдэлтэй хэрэг, зөрчил өндөр байгаа тохиолдолд хууль эрх зүйн орчныг чангатгах, зохицуулалтыг зүй зохистой болгох нь чухал. Тоо баримт дурдахад 2019 онд 31524 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 4371 нь согтуугаар үйлдэгдсэн бол тухайн жилд 111,076 хүн архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас эрүүжүүлэгджээ. Өөрөөр хэлбэл, өдөртөө 300 гаруй хүн эрүүжүүлэх байраар “үйлчлүүлсэн” гэсэн үг юм.
Гэвч энэ удаагийн чуулганаар хэлэлцэж буй сайхан зорилготой хуулийн төслийн заалтууд төдийлэн хөрсөн дээр буухааргүй байна. Ямар сайндаа архийг шилээр зарахыг хориглосон заалтыг эсэргүүцэж, шанага, халбагатай суух вэ дээ, Б.Пүрэвдорж гишүүн.
Хуулийн төсөл нийт 7 бүлэг, 44 зүйлтэй бөгөөд согтууруулах ундааны үйлдвэрлэл, экспорт, импорт, худалдаа, үйлчилгээ, хэрэглээ, архидан согтуурахтай тэмцэх зэрэг бүтэцтэй.
Гэхдээ зөв зохистой хязгаарлах, өөрчлөх заалтаас илүү хэт хориглолт давамгайлжээ. Зарах хэмжээ, өдөр, цагаас эхлээд хэт их хориг тавьснаар сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ нэмэгдэх вий, далд төрлийн худалдаа цэцэглэх вий гэсэн болгоомжлол байсаар байгаа юм.
Хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийн үеэр АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД архи, согтууруулах ундаа худалдахыг хориглох заалт нэмэх саналыг гишүүд гаргасан юм.
ХУУЛИЙН ТӨСӨЛД ХОРИГЛОХ ЗААЛТ ИХ БАЙГАА НЬ СӨРӨГ ҮР ДАГАВАР ГАРАХ МАГАДЛАЛ ӨНДӨРТЭЙ
Мөн согтууруулах ундаа худалдах, үйлчлэх зөвшөөрлийг олгохдоо 11-22:00, 14:00-04:00 цаг гэсэн төрөлтэй байхаар тусгажээ. Харин гишүүд Цагийн хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэсэн саналыг илэрхийлж байлаа.
Цэгийн тоо буюу байршлыг цөөрүүлэх санал гаргасан. Байршлыг цөөрүүлэхдээ дээр дурдсанчлан, хүнсний дэлгүүрт архи, виски зэрэг өндөр градустай архийг худалдахыг хориглох нь зүйтэй юм.
Түүнээс гадна УИХ-ын дэд даргын хэлсэнчлэн хэрэгжих боломжгүй заалтын нэг нь архи, согтууруулах ундаа хэрэглэх зөвшөөрөлтэй хэдий ч шилээр нь худалдахгүй байх заалт. Соёлыг түгээхэд тун чиг нэмэртэй хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайдын хэлсэн санаа тийм ч үр дүнтэй бус харагдаж байгаа юм.
Хуулийн төслийн авууштай заалтууд:
- Чингис хаан, төрийн соёмбо, төрийн бэлгэ тэмдэгтэй архины үйлдвэрлэлийг хориглох (Анхны хэлэлцүүлгийн үеэр энэ заалтыг ялгаварласан шинжтэй болох вий, гадны улсад зохицуулалтыг хэрхэн хийх зэрэг дээр асуудалтай байх талаар УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан санал хэлсэн бөгөөд унах магадлалтай заалтын нэг болсон)
- Нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн тоглоомын талбай, шатахуун түгээх газар, шашны байгууллагын байр, нийтийн гудамж, талбайд байрлаж байгаа авто тээврийн хэрэгсэл дотор согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох
- Согтууруулах ундаагаар шагнаж урамшуулах, цалин хөлсийг орлуулан олгох, согтууруулах ундаа оролцуулсан тоглоом, наадам зохион байгуулах
- Согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч соёл, урлаг, спортын болон бусад олон нийтийн арга хэмжээнд согтууруулах ундаа сурталчлах
- Зорилгоор ивээн тэтгэгчээр оролцох, төрөл бүрийн хандив, тусламж, тэтгэлэг үзүүлэх
- Согтууруулах ундааг зайнаас /холбоо, олон нийтийн мэдээллийн сүлжээ ашиглан/ болон өөртөө үйлчлэх автомат төхөөрөмж ашиглан худалдах, түүгээр үйлчлэх зэрэг байгаа юм.
Анхны хэлэлцүүлгийн үеэр оновчтой зөв шийдэлгүй кино зохиол шиг хуулийн төсөл болсныг шүүмжлэх гишүүд байсан. Засвар ихтэй хуулийн төслийг санаачлагчид нь буцааж, илүү чамбайруулах нь ч зүйтэй гэх санал гарч байв.