Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагад элссэний 55 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойг тохиолдуулан НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Бан Ги Мүүн манай улсад илгээлт ирүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагад элссэний 55 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газар болон Монголын ард түмэнд баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж буйдаа туйлын баяртай байна.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын системийн байгууллагууд 1960-аад оны эхээр Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр бидний түншлэл эхэлсэн түүхтэй билээ. Эдүгээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын системийн болон төрөлжсөн байгууллагууд, сан, хөтөлбөрүүдийг төлөөлсөн 11 байгууллага Монгол Улсын тогтвортой хөгжил, ард иргэдийн ахуй амьдралыг сайжруулах чиглэлээр дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
НҮБ-ын үйл ажиллагааны гурван тулгуур болсон хүний эрх, энх тайван, тогтвортой хөгжлийг бэхжүүлэхэд Монгол Улс идэвхтэй оролцож байна.
Ядуурлыг бууруулах, шударга ёс, энх тайван, хөгжил дэвшлийн төлөө улс орноо ардчиллын замаар тууштай хөгжүүлж буй Монгол Улсын төр, засгийн тэргүүн болон ард иргэдийн хүчин чармайлтыг сайшааж байна.
Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 900 гаруй цэргийн албан хаагчдаа илгээж байгаа нь дэлхий дахины энх тайван, аюулгүй байдлыг хангах үйлсэд хувь нэмрээ оруулж буй тод жишээ мөн. Монгол Улс өөрийн нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс гэж тунхагласан, хөрш, залгаа орнуудтайгаа яриа хэлэлцээ өрнүүлж, бүс нутагт итгэлцлийг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.
Түүнчлэн Монгол Улс Тогтвортой Хөгжлийн 17 зорилтыг үндэсний хөгжлийн бодлогодоо нийцүүлэн \”Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөрөө баталж, ажлаа эрчимтэй эхлүүлээд байна. Мөн Монгол Улс Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисийн хэлэлцээрийг даруй соёрхон баталсанд талархал илэрхийлж байна.
Монгол Улсад 2009 онд хийсэн миний айлчлал надад мартагдашгүй дурсамж үлдээсэн. Монгол Улсын үзэсгэлэнт байгаль, уламжлалт соёл нь энх тайван, хөгжил цэцэглэлтэйгээр зэрэгцэн ирээдүйд урт удаан хугацаагаар хадгалагдана гэдэгт миний бие итгэлтэй байна.
Амжилтаар батажсан 55 жилийн түншлэлд баяр хүргье! Ирээдүйд бидний хамтын ажиллагаа улам бүр бэхжих болтугай!