Дэлхий нийтэд дэгдсэн цар тахал, үүнээс үүдсэн нийгэм, эдийн засгийн таагүй нөхцөлд Шадар сайдын албанд очсон С.Амарсайханыг тойрсон асуудал олон. Арга ч үгүй, Шадар сайдын хувьд Улсын онцгой комиссыг тэргүүлдэг учраас олны анхааралд байх нь гарцаагүй. Тэр тусмаа түүнийг Шадар сайд болж байх хоёр, гуравдугаар сард цар тахлын дэгдэлт ид оргил үедээ байв. Өдөртөө мянга даван тоологдож байсан халдварын тохиолдлоос гадна хөл хорионоос үүдсэн иргэдийн бухимдал гээд юу эс байх билээ. Галын шугам, тэргүүн эгнээнд ажиллаж байгаа хүн рүү чиглэх сайнаасаа саар зүйл олон л байдаг даа.
Харин Шадар сайд С.Амарсайхан тодорхой төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаагаа чиглүүлж чадсан нь оргил үеийг эрсдэл багатай давж гарсан хэмээн мэргэжилтнүүд дүгнэжээ. Ямартай ч өнөөдрийн байдлаар нийт иргэдийн 60 гаруй хувь нь хоёр дахь тунгийн вакцинд хамрагдаж, нэг дэх тунгаа 90 орчим хувьтай авчээ. Халдварын тархалт ч эрс буурав. Нэг олзуурхууштай зүйл гэвэл Шадар сайд нь зөвхөн цар тахал тойрон эргэлдсэнгүй. Улс орны аж амьдрал ганц зүйлийг тойрон эргэлдээд байвал бусад нь зогсох аюултай учраас илүү томоор харж байна. Тиймдээ ч орон нутагт, тэр тусмаа Дорноговь аймгийн Замын-Үүд боомтод очиж, олон жил чөдөртэй байгаа Чөлөөт бүсийн чөдрийг авах талаар нөхцөл байдалтай танилцлаа.
Тэрээр “Замын-Үүдийн чөлөөт бүс байгуулах төрийн бодлого тодорхой гараагүй байхад дэд бүтцээ барьж эхэлсэн нь ажил саатах гол шалтгаан болсон тул төрөөс баримтлах бодлогыг баталж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох үүднээс Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт, оруулах хуулийн төсөл боловсруулсан байгааг эргэж харах. Орон нутагт төдийгүй Монгол Улсын эдийн засагт ихээхэн ач холбогдолтой энэ төслийг яаралтай урагшлуулах хэрэгтэй” гэдгийг хэлж, шуурхай арга хэмжээ авахаар болсон. Өдгөө ч говийн бүсийн аймгуудад ажиллаж явна.
Мөнхүү цар тахал тойрсон элдэв хэл амнаас гадна түүний харъяалах агентлаг, газарт хууль бус зүйл байгааг ч цэгцэлж байгаа нь харагдана. Тухайлбал, Стандарт, хэмжил зүйн газарт хүрэлцэн очиж, тус газрын даргын түр орлон гүйцэтгэгч Б.Билгүүн хууль дүрэм зөрчин ажиллаж байгаа учраас хугацаатай үүрэг өгч, хууль бус зүйлтэй цаашид хамтарч ажиллахгүй гэдгээ илэрхийлэх гээд түүнд ажил мундахгүй. Өөрт хамаарах агентлаг, газарт байгаа хууль бус дарга нарыг хуульд нийцүүлэх, нийцэхгүй нэгнийг төрийн албанаас явуулах зэрэг арга хэмжээ аван ажиллаж байгааг хаа хаанаа сайшааж байна. С.Амарсайхан сайдын хувьд хамгийн галтай салбарыг амаргүй үед хүлээн авсан ч гол нуруу алдаагүйг энэ мэтээс харж болно.
Ийнхүү хэл ам, амаргүй нөхцөлд ажиллахад Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч, Хурлын даргаар ажиллаж байсан туршлага нь түшсэн байж таарна. Тэр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын даргаар ажиллаж байхдаа олон шийдвэр тогтоол гарган, Засаг даргаа шахаж ажиллаж байсныг нийслэлчүүд мэднэ. НИТХ-ын даргаар ажиллахдаа “Улаанбаатар” төмөр зам дахь “1000 автомашины худалдаа”-ны газрыг татан буулгаж зориулалтын газарт нь нүүлгэн шилжүүлэв. Цаашлаад барилгын материалын зах, дэлгүүрүүд, зарим захуудыг нүүлгэх төлөвлөгөө боловсруулж байсан ч нийслэлийн Засаг даргаар томилогдож, улмаар УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Гэхдээ тэр нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүн, Шадар сайд учраас аль ч түвшинд анхааран ажиллах биз ээ.
С.Амарсайхан нийслэлийн хэмжээнд удирдах алба залгуулж явахдаа орон нутгийн хэмжээнд ямар боломж нөхцөл байна, түүндээ түшиглэсэн бодлого боловсруулж, хэрхэн шахаж ажиллахыг л харуулсан. Гаднаас юу ч хайгаагүй онцлогтой. Өдгөө ч энэ зарчмаар ажиллаж байгаа бололтой. Аливаа ажил албан тушаалд зөвхөн боловсрол мэдлэгээс гадна туршлага гэж нэг чухал зүйл байдгийг харуулан ажиллаж байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН