Эмнэлгийн орны ачаалал дээд цэгтээ тулахад ойртжээ.
Долдугаар сарын дунд гэхэд ор эргэлтгүй болох буюу хүндээр өвдсөн ч эмнэлэгт авах боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа тул иргэд өвчлөхгүй байхыг хичээх нь хамгийн чухал болоод байгааг ЭМЯ-наас анхаарууллаа.
Өнөөдрийн байдлаар 13,993 хүн коронавирусийн халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс
- хүндэвтэр 3,320
- хүнд 1,185
- маш хүнд 249 хүн байна.
Өөрөөр хэлбэл, хүнд өвчтөний тоо 5,000 дөхжээ.
“Улсын хэмжээнд 14,000 орчим ор бий. Гэтэл хүндэвтэр хүнд хүмүүсийн тоо 5,000 дөхсөн байна.
Сувилал, хувийн эмнэлгүүдийг нэмээд улсын хэмжээнд нийт 29,000 ор байдаг. Үүнээс 14,000 орчим орыг зөвхөн коронавирусийн эсрэг эмчилгээнд зориулж гаргаад байна.
Нөгөө талд 13,000 оронд бусад бүх төрлийн эмнэлгийн үйлчилгээг үзүүлж байгаа гэсэн үг.
Цаашид нэмж ямар ч ор гаргах боломжгүй болсон. Ор гаргах нөхцөлийг бүрдүүллээ ч хүний нөөц, ажиллах хүч байхгүй учраас энэ 14,000 орон дээр менежментээ хийхээс өөр аргагүй.
Хөнгөн хэлбэрийн өвчлөгчид гэрээр эмчлүүлж байгаа.
Хөнгөн хүмүүс дунджаар 10 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хүндэвтэр болон болон хүнд хүмүүс дор хаяж 20 болон түүнээс дээш хоног хэвтэн эмчлүүлж байна. Маш хүнд хүмүүсийн хувьд урт хугацааны эмчилгээ шаардаж байгаа.
Тиймээс өвчлөлийг бууруулах тал дээр хүн бүр хариуцлагатай байж, олон хүн цугласан газар очихгүй байх, халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлах шаардлагатай байна. Хэрэв та өвчилбал таныг эмнэлэгт авахгүй байх, хүнд, хүндэвтэр байсан ч гэртээ эмчилгээ авахаас аргагүй болох эрсдэл бий боллоо.
Тиймээс өвчлөхгүй байхын төлөө хичээх хэрэгтэй байна.
Долдугаар сарын дунд гэхэд орны ачаалал дээд цэгтээ хүрч, орны эргэлт зогсох хандлагатай байгаа тул ийнхүү иргэддээ анхааруулах хэрэгтэй байна” хэмээн ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр хэллээ.