Нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хотын хэмжээнд мал, амьтны гаралтай мах, махан бүтээгдэхүүнийг наймдугаар сарын 1-ний өдрөөс ил задгай худалдахгүй байхыг үүрэг болгосон.
Уг захирамж хэрхэн хэрэгжиж байгааг сонирхохоор “Хүчит шонхор” захыг зорилоо. Үдээс хойш махны зах эл хуль, олонх лангууны мах дууссан. Гадна талбайд ганц, хоёр портер дээр гулууз мах зарж байлаа.
Нийслэлийн хамгийн том махны захад хонь, ямааны ястай мах 9000 төгрөг, цул мах 10-11 мянган төгрөг, үхрийн мах 12 мянгаас 13500 төгрөг, адууны мах дунджаар 10 мянган төгрөгийн үнэтэй байгаа гэнэ.
“Хүчит шонхор” захын гадна портер дээр мах зарж байгаа ченжийн хэлж буйгаар “Хонины ястай мах 8800-9000 төгрөгийн үнэтэй байна. Үдийн өмнө дийлэнх махаа зараад дуусдаг. Үдээс хойш Хөвсгөлөөс хөргүүртэй машинаар ирсэн хөлдүү мах арай татуу үнээр зарж байна. Махыг ил задгай худалдаалахгүй байх тухай шийдвэр, захирамжийн талаар сайн хэлж мэдэхгүй байна. Өнөөдрийн байдлаар яаралтай арга хэмжээ авсан юм алга” гэдгийг хэлэв. Худалдагч нарын зүгээс “Ил задгай махны худалдааг зогсоох эсэх тал дээр дорвитой шийд сонсоогүй байна. Ерөнхийдөө зогсоож магадгүй гэсэн. Махыг гадна портер дээр ч юм уу ил задгай заруулахгүй гэснээс биш кантнер, лангуун дээр заруулах байх” гэсэн нэгдсэн мэдээлэлтэй байгаа аж.
Тэгвэл “Хүчит шонхор” захын удирдлагын зүгээс “Дээрээс гаргасан шийдвэрийг бид хэрэгжүүлнэ. Шийдвэрийнх нь дагуу арга хэмжээ аваад явна. Нийслэлийн Засаг даргын захирамж долоодугаар сарын 31-ний өдөр манайд ирсэн. Засаг даргын захирамжийг хэрхэн хэрэгжүүлэх тухай дүрэм, журам зэрэг дагалдах шийдвэрүүд хараахан ирээгүй байна. Тэдгээрийг харж байж бид тодорхой мэдээлэл өгөх, захирамжийг хэрэгжүүлэх боломжтой. Жишээлбэл, ил задгай махны худалдаа гэдгийг тодруулах хэрэгтэй байна. Ямар ч байсан гадна талбайд машинд мах зарж байгаа түрээслэгч нартаа мэдээлэл өгсөн байгаа. Малчдын хувьд мах зарахаар ирэхэд нь өдрийн хураамж аваад оруулдаг. Үүнийг болиулах эсэхэд бас нарийн мэдээлэл алга. Тийм болохоор холбогдох хүмүүс ирж хяналт тавьж, үүрэг өгсний дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгье” гэлээ. Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны иргэн Х.Батцэцэг “Хүчит шонхор” захаас хүнсээ цуглуулаад явж байхтай таарлаа. Тэрбээр “Хүнсний үнэ нэмэгдсэн байна. Мах гайгүй. “Хүчит шонхор”-оос мах авах, дэлгүүрээс мах авах үнийн зөрүү кг тутамдаа бараг 2000 төгрөг болдог. Сард хоёр гулууз мах бөөний үнээр авахад 120 орчим мянган төгрөг хэмнэдэг. Махыг бөөний үнээр зарахгүй, малчдаас мах авах боломжгүй болчихвол иргэдийн амьдралд нөлөөлж, махны үнэ өсвөл яах вэ. Хоолны газруудын хоолны үнэ нэмэгдэх гээд сөрөг талууд гарч магадгүй гэж бодох юм. Ил задгай махны худалдааг зохистой хэмжээнд хязгаарлаж, орчин нөхцөлийг нь сайжруулаад одоогийнх шигээ ажиллуулж байвал болохоор санагддаг” хэмээв.
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын долоодугаар сарын 28-ны өдрийн захирамжид “Нийслэлийн иргэдийг эрүүл, аюулгүй стратегийн хүнсээр хангах зорилгоор нийслэлийн хэмжээнд ил задгай мал, амьтны гаралтай мах, махан бүтээгдэхүүнийг 2021 оны наймдугаар сарын 1-нээс худалдаалахгүй байх зохион байгуулалтын арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, нийслэлийн Мал эмнэлгийн газар, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, дүүргийн Засаг дарга нарт тус тус даалгасугай” хэмээжээ. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас удаа дараа явуулсан шалгалтын үр дүнд махны ил задгай худалдаа нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй, ноцтой зөрчил, дутагдал гарч байгааг илрүүлсэн учир хориглохыг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан болон нийслэлийн удирдлагуудад хүргүүлсэн. Тодруулбал, махны ил задгай худалдааг бүрэн зогсоох. Махны бөөний худалдааны төвлөрлийг сааруулж хүртээмжийг нэмэгдүүлэх, өрсөлдөөнийг хангах үүднээс Улаанбаатар хотын дөрвөн талд бөөний худалдаа гаргах.
Хүн амын хэрэгцээнд зориулсан хүнсний махыг зөвхөн үйлдвэрийн аргаар төхөөрөх гэхчилэн хүсэлт хүргүүлжээ. Тиймээс ил задгай махны худалдааг хориглох нь зүйтэй гэж үзсэн юм. Махны худалдааг мах, махан бүтээгдэхүүнийг шинжилгээнд оруулсан байх, стандарт, ариун цэврийн шаардлага хангасан, худалдааны цэг салбараар зориулалтын хөргөгч, хөргөх төхөөрөмжөөр хангагдсан нөхцөлд худалдаална. Мах худалдан борлуулахдаа махны шинэлэг байдал, өнгө, үнэр, тээвэрлэлтийн явцад бохирдсон байдал зэргийг анхаарах хэрэгтэй” гэдгийг мэргэжлийн хяналтын байгууллагаас анхааруулж байгаа юм.