Эцэг эхчүүд хүүхдүүдээ эрт унтуулахыг хүсдэг ч төдийлөн санаснаар болдоггүй. Технологийн эрин зуун бидний өдөр тутмын зуршилд аажмаар нөлөөлж хүүхдүүд орой унтах хандлагатай болсон.
НЭГ: Гэхдээ нөхцөл байдал ямар ч байсан хүүхдүүд эрт унтах ёстой гэнэ. Учир нь биеийн өсөлт хөгжил хүүхдийг унтаж байх үед л явагддаг бөгөөд оройн 12 цаг 30 минутанд өсөлтийн даавар хамгийн ихээр ялгардаг аж. Хүүхэд орой унтсанаар өсөлтийн дааврын ялгаралтын хэмжээг бууруулж, биеийн өндөрт сөргөөр нөлөөлөх магадлалтай.
ХОЁР: Мөн судалгаагаар хангалттай унтаж амардаг хүүхдүүд анхаарал төвлөрөлт, бүтээмж илүү сайтай, сургууль дээр үзсэн хичээлээ илүү сайн ойлгодог болохыг баталжээ. Түүнчлэн бага наснаасаа унтах зөв дадлыг хэвшүүлснээр насанд хүрсэн хойноо Алцгеймер өвчин тусах магадлал буурдаг байна. Нэгэнт өвчилсөн тохиолдолд өвчний явцыг удаашруулахын тулд хангалттай унтаж амрах, дасгал хөдөлгөөн хийх шаардлагатай байдаг гэнэ.
ГУРАВ: Хүүхдийн бага насандаа олж авсан амьдралын хэвшил насан туршдаа хэвээр хадгалагддаг учир эцэг эхчүүд хүүхдээ зөв унтаж амрах дадлыг багаас нь хэвшүүлэх хэрэгтэй. Зөв хэвшилтэй хүүхэд эрүүл мэнд, биеийн хөгжил, сэтгэл санааны хувьд эерэг байдаг.
Хүүхдээ хэрхэн эрт унтуулах вэ
Та зөвхөн хүүхдээ биш гэр бүлийн бүхий л гишүүдийг эрт унтах хэвшилд дасгах хэрэгтэй. Хүүхэд тань унтахаар хэвтэх үед өрөөнүүдийн гэрэл асаалттай, эцэг эх нь зурагт үзэж байвал анхаарал нь сарниж тоглохыг илүүд үзэх болно.
Мөн та орой бүр хүүхдээ унтуулахын өмнө тогтсон нэг зүйлийг хийж хэвшээрэй. Жишээлбэл, та орой бүр хүүхэддээ үлгэр уншиж өгч болох бөгөөд хэдэн өдрийн дараа таны хүүхэд ном уншсаны дараа унтах цаг болсон байдаг гэсэн ойлголтыг авах юм.
Мөн хүүхдийн унтах таатай орчинг бүрдүүлэх нь чухал. Хурц биш шар гэрэл нь биеийг амрааж, таатай байдлыг төрүүлдэг байна.
Хүүхэд бол таны тусгал гэдгийг санаж унтахын өмнө ухаалаг утас, таблет зэргээ унтрааж хэвших хэрэгтэй. Ингэснээр хүүхэддээ муу үлгэр дуурайл үзүүлэхээс сэргийлэх болно.
Дасгал хөдөлгөөн хийхээ битгий мартаарай. Оройн хоолны дараа дугуй унаж дасгал хөдөлгөөн хийснээр унтах сэдлийг бий болгодог. Эдгээр зөвлөмжүүдийг хэрэгжүүлж эрт унтах хэвшилтэй болсноор таны хүүхэд эрүүл саруул өсч бойжих юм.
Eagle.mn