ОХУ-ын Гамалейн нэрэмжит тархвар судлал, микробиологийн үндэсний хүрээлэнгийн захирал Александр Гинцбург ням гаригт “SARS-CoV-2” вирусийн мутацилагдсан хувилбаруудын эсрэг “Sputnik-V” вакцины шинэ хувилбарыг боловсруулсан талаар мэдээллээ. Гэвч тэрээр вакцины шинэчилсэн хувилбарыг эмнэлзүйн хэрэглээнд нэвтрүүлэх шаардлагагүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Александр Гинцбург ОХУ-ын төрийн мэдлийн “TASS” агентлагт ярилцлага өгөх үеэрээ энэ талаар “Бид коронавирусийн мутант омог дээр суурилсан вакцины бүтцийг гарган авсан. Хэрэв зохицуулагч байгууллагууд вакцины сайжруулсан хувилбарыг эмнэлзүйд нэвтрүүлэх шаардлагатай гэж үзсэн тохиолдолд бид үйлдвэрлэлд шилжихэд бэлэн. Гэхдээ Sputnik-V вакцины одоогийн хувилбар нь өнөөдрийн байдлаар тодорхойлогдсон коронавирусийн бүх омгоос сайн хамгаалж байгаа. Тиймээс шинэчилсэн хувилбарыг зайлшгүй эмнэлзүйд ашиглах шаардлагагүй” гэсэн юм.
Түүнчлэн доктор Александр Гинцбург өнгөрөгч долоо хоногт “Sputnik Light” вакцины дельта хувилбарын эсрэг гурав дахь тунгийн тарилгын үр дүнгийн талаарх судалгааг танилцуулсан. Тухайлбал, “Pfizer/BioNTech” вакцины хоёр тун хийлгэсэн иргэдэд “Sputnik Light” вакциныг бүүстер тун хэлбэрээр тарихад дельта хувилбарын эсрэг хамгаалалтын түвшинг нэмэгдүүлж байгаа нь тогтоогдсон байна. ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сан өмнө нь “Pfizer/BioNTech” болон “Sputnik Light”, “Sputnik-V” вакциныг хослуулан хэрэглэх талаар судалгааны ажил хийж байгаа талаар мэдэгдээд байсан юм.
АНУ-ын Йелийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар “Pfizer/BioNTech” вакцин нь дельта хувилбарын эсрэг 42 хувь, “Moderna” вакцин 76 хувийн үр дүнтэй гэх судалгааг хийсэн. Тэгвэл ОХУ-ын эрдэмтэд “Sputnik-V” вакцин нь дельта вариантын эсрэг 83.1 хувийн үр дүнд хүрсэн гэх судалгааг танилцуулсан юм.
Эх сурвалж: TASS, Ria Novosti