Сум, дүүргийн ИТХ-ын сонгууль өнгөрч, ИТХ-ын төлөөлөгчид шинээр сонгогдсон Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн дүүргүүдийн ИТХ-ын шинэ төлөөлөгчид анхны хурлаа хийж, ИТХ-ын даргаа сонгож, Засаг дарга томилж эхлэсэн.
Тэгвэл Нийслэлийн Налайх дүүргийн хувьд ИТХ-ын 25 төлөөлөгчийн суудлаас сонгуулийн үр дүнд МАН-аас 21, АН-аас 4 төлөөлөгч сонгогдсон. Гэвч Налайх дүүргийн АН-аас нэр дэвшсэн 4 төлөөлөгчийн нэрийг Сонгуулийн тухай хуулийн 70.5.10-д заасан үндэслэлээр Сонгуулийн хорооноос түр түтгэлзүүлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл Налайх дүүрэгт АН-аас нэр дэвшсэн дээрх 4 нэр дэвшиг иргэдийн саналын олонхийг авсан боловч Сонгуулийн хууль зөрчин мөнгө, эд зүйл тараасан байж болзошгүй гэх үндэслэлээр Сонгуулийн хорооноос тэдэнд төлөөлөгчийн түр үнэмлэхийг нь гардуулж өгөөгүй байгаа юм. Эдгээр 4 нэр дэвшигчийн нэрийг төлөөлөгчөөр сонгогдсон гэж батламжлах эсэх асуудлыг Сонгуулийн хороо Шүүхийн байгууллагын шийдвэрийг үндэслэн эцэслэн шийдэх юм байна.
Налайх дүүргийн МАН-аас нэр дэвшин ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон 21 төлөөлөгч 2016 оны 10 сарын 26-ны өдөр анхны хуралдаанаа зохион байгуулж, Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, ИТХ-ын дарга, тэргүүлэгчдийг сонгох, дүүргийн Засаг даргыг томилж, түүний нэрийг Нийслэлийн Засаг даргад уламжлах асуудлыг хэлэлцсэн.
Налайх дүүргийн ИТХ-аас Буяндалайн Нэргүйг 100 хувийн саналаар Налайх дүүргийн ИТХ-ын даргаар сонгожээ. Мөн дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчээр нэр бүхий 7 төлөөлөгчийг сонгосон бол Дүүргийн Засаг даргаар Ч.Раднаабазарыг дэмжиж түүний нэрийг г Нийслэлийн Засаг даргад уламжлахаар болсон.
Тэгвэл өчигдөр Нийслэлийн засаг дарга бөгөөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Налайх дүүргийн ИТХ-аас дүүргийн Засаг даргаар томилсон Ч.Раднаабазарыг батламжилсан байна. Үүний дагуу өчигдөр Налайх дүүргийн Засаг дарга асан Х.Болдбаатар дүүргийн шинэ Засаг дарга Ч.Раднаабазарт Засаг даргын тамга тэмдэгээ хүлээлгэн өгчээ.
Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар ажлаа аваад: \”Юуны өмнө төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, ил тод хүргэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлээд дүүргийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, Налайхын хөгжлийн бодлогыг шинэ шатанд гаргахын төлөө тууштай ажиллана” гэлээ.
Ийнхүү Налайх дүүрэг эзэнтэй боллоо. МАН үнэмлэхүй ялалт байгуулсан энэ дүүрэг өмнөх жилүүдээс илүү хөгжлийн шинэ шатанд гарна гэдэгт Налайхчууд итгэж, хүлээх л үлдлээ.
Ц.Мөнх
Үндэстэн агентлаг