Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх чуулга уулзалт Төрийн ордонд болж байна. Энэ үеэр Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн ЭМ холбооны Гүйцэтгэх захирал И.Балжинням дараах байр суурийг илэрхийлсэн юм.
Тэрээр “Арбидол эмийг өнгөрсөн долоо хоногт эмчилгээний стандартаас хассан. Гэтэл ЭЭХХЗГ, Хүний эмийн зөвлөл зэрэг шийдвэр гаргадаг хамгийн том байгууллагууд мэдээгүй байна. Арбидолын нөөц бий болгох шийдвэрийн дагуу ААН-үүд нөөц бүрдүүлж, мөн төрийн худалдан авах ажиллагааны газар ерөнхий гэрээндээ оруулсан. Одоо 3.9 тэрбум төгрөгийн эмийн нөөц, 7 тэрбумын гэрээ хийчихсэн байна. Эмчилгээний практикаас хасагдсан учир одоо энэ 10 тэрбум төгрөгийн эм хог болно. Ирээд устгагдах нь байна” гэсэн юм.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд дараах тайлбарыг өглөө. Тэрээр “ДЭМБ эмчилгээний зөвлөмжөө өөрчилж, Арбидол эмийг “Ковид 19”-ийн өвөрмөц эмчилгээнээс хасах шийдвэр гаргасан. Үүний дагуу манай улс Арбидолыг өвөрмөц эмчилгээнээс хасахаар болсон” гэж хариулсан.
Мөн энэ талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Н.Буянтогтохоос тодруулахад “Арбидол эмийн тухайд дан ганц “Sars cov-2”-ын өвөрмөц эм буюу зөвхөн тухайн вируст өвөрмөцөөр хэрэглэдэг эмийн төрлөөс хассан. Түүнээс тухайн эмийг эмчлэгч эмч тухайн нөхцөл байдалд сонгоод хэрэглэх боломж байгаа. Арбидол эмийн тухайд томуу, томуу төст вирусийн эмчилгээ, ковидын сэжигтэй болон батлагдсан тохиолдолд эмийн сонголтоор хэрэглэх бүрэн боломжтой.
Арбидол нь дан ганц “Sars cov-2″ гэдэгт бүлэгт байсан. Тэр бүлгээс нь гаргаад ерөнхий хүрээгээр хэрэглээг нь өргөтгөж өгсөн. Тэрнээс биш огт хэрэглэж болохгүй гэсэн үг биш. Томуу, томуу төст эмгэг, сэжигтэй тохиолдол болон батлагдсан тохиолдолд эмчийн заалтаар хэрэглэж болно” гэлээ.