Дэлгүүрийн шалан дээр “галзуурч” буй охиныг аав, өвөө хоёр нь тайван ажиглаж байна.
Аав нь охиноо хөлөн завсраа хийгээд сэтгэл хөдлөлийн үерээ тааваараа юүлэх аюулгүй орчныг бүрдүүлж байгаа мэт зогсч байгааг анзаарав уу? Зургийг ээж нь авсан.
Энэ зурагт аавынх нь зориулж бичсэн нэлээн урт тайлбар байна.
“Хүүхдийн чинь юу мэдэрч байгаа нь чамд таагүй байвч ичээж, амыг нь хаалгүйгээр сэтгэл хөдлөлөө гаргах орон зайг өг. Харин бусдыг нулимах, ямар ч цээргүй байхтай хольж хутгах хэрэггүй.
Хүүхэд насанд маань бидэнд хориотой байсан зүйлийг өөрийн хүүхдүүддээ зөвшөөрснөөр бидний дотор олон жил хав дараатай байсан мэдрэмжийг өөрсдөө анх удаа цээж дүүрэн амсч болох юм. Сэтгэл хөдлөлийн интеллектийн хөгжилд бүх төрлийн мэдрэмжийг амсах чадвар суурь хүчин зүйл болдог. Сөрөг мэдрэмжүүдийг гүндээ, хурцаар амтлалгүйгээр эерэг мэдрэмжүүдийг гүндээ хурцаар амсах боломжгүй.
Чи хүүхдээ хамгийн сайн мэднэ. Бусдын үгэнд авталгүйгээр, өөрийн мэдрэмжинд тулгуурлан хүүхэдтэйгээ харьц.
ХАМГИЙН ГОЛ НЬ ХҮМҮҮЖИЛ БИШ. ХАМГИЙН ГОЛ НЬ ХАРИЛЦАА.
Аав минь надад мэдрэмжээ мэдрэхийг зөвшөөрдөг байсан. Олон нийтийн дунд, хичнээн эвгүй байсан ч гэсэн уйлах, хашхирах, уурлах, түүнийгээ илэрхийлэх нь зүгээр гэж намайг хүмүүжүүлсэн.
“Ингээд сурчихвал яана? Ийм аргаар хүслээ гүйцээдэг болчихвол яах вэ?” гэж олонх үзээд эртхэн тас цохидог.
1. Ингэлээ гээд тэр сөрөг мэдрэмж алга болдоггүй. Түүнийг дараа нь далд, өөр хэлбэрээр заавал гаргадаг. Энэ нь бие сэтгэлийн янз бүрийн хүчирхийлэл, гаж донтолт, сэтгэцийн өөрчлөлт болон боловсордог.
2. Ийнхүү авирлахыг зөвшөөрлөө гээд шаардаж байгаа зүйлийг нь хийхгүй. Харин олонх ингэхийг нь зөвшөөрөнгүүтээ нэхэж байгаа юмыг нь өгөх зэргээр дараагийн алхмыг хийж эхэлдэг. Сөрөг мэдрэмжээ мэдрэхийг зөвшөөрнө гэдэг бол сөрөг мэдрэмжийн илрэлээр сүр далайлган хүссэнээ авахыг зөвшөөрнө гэсэн үг биш.
3. Би багаасаа эрэгтэй юм байж уйланхай, улцгай нялцгай, дандаа гоншигнож байдаг гэх мэт үгсийг сонсч байсан. Харин аав минь үргэлж “Эр хүн бол хүн. Уйлах, бууж өгөх, ялагдах, сэтгэлээр унах, урам хугарах зэрэг мэдрэмж яг адилхан байна. Энэ нь эрийн шийр, ноён нуруу, хийморь сүлдтэй ямар ч хамаагүй.
Нэг ч уйлдаггүй, сэтгэл санаа нь ямар байгааг хэлдэггүй, мэддэггүй байснаар амжилтанд хүрдэгсэн бол хорвоогийн эрчүүд бүгд азын оргилд байхсан” гэж хэлдэг байсан.
Би охиноо, хүүгээ сэтгэлзүйн тэнцвэртэй, оюуны насанд хүрсэн, бүх талын интеллекттэй ХҮН болох хөрсний нэгэн давхраа юм.
Сэтгэлзүйн тэнцвэр бол эерэг сөрөг мэдрэмжүүдийн харьцангуй тогтвортой харилцаа юм” гэжээ.
Энэ пост нэг зүйлийг л хэлж байгаа юм.
Эвгүй зүйлийг эвтэй мэдрэх.
Уурлах нь эвгүй. Гэвч уурлаж байгаадаа эвгүйцэхгүй, өөрийгөө эвдэхгүй байх. Хүн юу гэж бодох юм бэ гэдэг дээр тулгуурлаж хүмүүжүүлэхгүй байх. Хүмүүс юу гэх юм бэ гэдэг бол бидний хоригддог хамгийн аймаар шорон. Өөрийгөө шоронд оруулахгүй байх. Хүүхдээ шоронд хорихгүй байх.
Хүүхдийнхээ мэдрэмжээс ичихгүй байх. Хэрэгтэй цагтаа уйлж, татгалзаж, магадгүй дэлбэрч байсан бол илүү баярлаж, жаргах чадвартай байх байсан гэдгийг өнөөдөр бид өөрсдөөсөө харж байна шүү дээ.
Одоо энэ бичвэрийг уншиж байхад чиний дотор юу болсныг эргэн хар.
БИД ШОРОНД БАЙНА УУ?
Хэн ч гаднаас ирж биднийг чөлөөлөхгүй. Зөвхөн бид өөрсдөө л эндээс гарч чадна. Хэрэв хүсвэл…
Эх сурвалж: Цогтын Амгалан