Коронавирус халдварын тохиолдлын тоо буурахгүй байна. Харин нас баралт нэмэгдсээр байгаа. Тодруулбал, өчигдөр буюу аравдугаар сарын 06-ны өдөр 2409 хүнээс халдвар илэрчээ. Шинээр батлагдсан тохиолдлуудын 1316 нь Улаанбаатарт, 1092 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн халдварын улмаас 0-80 насны 14 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 1303 болов.
УОК, ЭМЯ-наас өдөр халдвар хамгааллын дэглэмээ баримтлах, дархлаажуулалтад хамрагдахыг уриалсаар байна. Гэхдээ үүнийг хэрэгжүүлж байгаа нь цөөхөн. Үнэндээ Монголчууд бид халдвараас хамгаалах анхааруулга, сэрэмжлүүлгийг тоохоо байжээ. Халдварын дэглэм баримтлахыг амны хаалт зүүхээр л ойлгох болсон байна. Хүн хоорондын зай баримтлах, гараа ариутгах гэдэг дэглэм үнэндээ хэрэгжихээ байгаад удаж байгаа.
Нийслэлд халдвар хамгааллын дэглэм хамгийн ихээр зөрчигддөг газар бол нийтийн тээвэр. Автобусны суудлууд дээр болон хүний нүдэнд ил харагдах газар байрлуулсан “Хүн хоорондын зайгаа барь” гэсэн бичиг улиг болжээ. Цагтай уралдаж ажил, хичээлээсээ хоцрохгүй гэсэн иргэд амны хаалтандаа итгэж, автобусанд олноор сууна. Арга ч үгүй биз. Хэрэв автобусанд суухгүй бол өөр зорчих тээврийн хэрэгсэл байхгүй. Ингэхдээ амны хаалтаа “буруу” зүүсэн иргэд ч цөөнгүй. Амны хаалт зүүсэн нэр төдий байх аж. Халдвар тээгч нэг хүн амны хаалтаа буруу зүүж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлахгүй нийтийн тээврээр үйлчлүүлбэл тухайн автобусанд суусан бүх л хүн халдвараар өвчлөхөөс гадна, гэр бүл нь халдварт өртөнө. Иргэн бүр хариуцлагатай байх хэрэгтэй.
Нөгөө талаас нийтийн тээврийг хэрхэн ариутгаж, халдваргүйжүүлдэг бол. Өглөө оройдоо нэг удаа ариутгана. Үүнээс өөр ариутгах боломжгүй.
Хүйтний улирал эхэлж байна. Жилийн жилд хүйтний улиралд томуу томуу төст өвчний гаралт нэмэгддэг. Ингээд бодохоор дан ганц коронавирус ч гэлтгүй бидний сэрэмжлэх ёстой олон зүйл бий. Гэтэл салбар яам нь ажиллах хүчний нөөцний хомсдолд орсон. Ажиллаж буй эмч нар нь ачааллаа дийлэхгүй байгаа. Хэрэв коронавирусийн халдварын тархалтаа одоо л хумиж авахгүй бол амны хаалттай өнгөрөөх он жилүүдийг төсөөлшгүй.
Иргэд амьдрахын тулд нийтийн тээврээр зорчихоос өөр аргагүй. Хэрэв автобусанд суухгүй бол алхахаас өөр сонголт байхгүй. Өдөр бүр такси барих боломжгүй. Шатахууны үнэ нэмэгдсэн учир таксины км тутмын тариф ч нэмэгдсэн. Зах зээлийн хуулиар зохицуулагддаг учир арга ч үгүй биз. Гагцхүү төрийн зөв зохицуулалт хэрэгтэй байна. Түүнээс биш энэ хэвээр байсаар байвал коронавирусийн халдвар нутагшина.