Туурга тусгаар Монгол Улс хараат бусаар
оршин тогтносоор байна. Манжийн дарлалд байсан үе бий. Коминтермийн хөлд
гишгигдэж явсан ч цаг үе бий. Гэхдээ одоо бол ардчилсан чөлөөт засаглалтай,
иргэд нь эрх чөлөөтэйгээр эх орондоо тайван амгалан амьдарч байна. Ядуурал гэх хавтгайралд олон нийт нь
өртчихлөө. Тэглээ гээд бусад улсаас талх гуйж доош орохгүй бид амны хишигтэй
Монголчууд. Сэтгэлгээний ядууралд автчихаад байгаа болохоос биш ходоод нь
хоосон явсан үе Монголчуудад үгүй билээ.
Зөвлөлт холбоот улс шиг, Хойд, Өмнөд
Солонгос шиг, дайны хөлд нэрвэгдсэн азийн орнууд шиг өлсгөлөнгөөс үүдэлтэй үхэл
манайд үгүй. Гэтэл хөрш зэргэлдээд орших Казахстан улсын Ерөнхийлөгч
Н.Назарбаев бидний өлсгөлөнгөөс аврахын тулд жил бүр 5000 тонн талх илгээдэг
тухай олон улсын хурал дээр хэнэг ч үгүй ярьж зогсохыг харахад дургүйцэл төрөв.
Казахстан улсаас тусламж гуйж байсан цаг
бидэнд байхгүй. Өнгөрсөн жилийн үерт автсан Баян-Өлгийн хэсэг казак айлд
тусламж хүргүүлснээ л \”их юманд бодож явдаг” бололтой юм.
Монгол Улсын Засгийн газар байгалийн
давагдашгүй аюулд өртсөн айл өрхөө тэтгээд тэжээгээд явах бүрэн чадамжтай. Энэ
үеэр элэг нэгт хэмээн бодож өгсөн тусламжаа олон улсын хурлын индэр дээрээс
дөвийлгөн ярьж туурга тусгаар Монгол Улсыг доромжилж зогсох эрх Н.Назарбаевт
бий билүү. Тусламж хүссэн нөөц казакчууд тусгаар тогтносон Монгол Улсыг төлөөлж
чадах уу.
Үнэндээ хөршдөө ингэж хэлүүлээд сууж байгаа
манай удирдлагууд ичмээр. Гэвч мал дагасан Монголчууд талх гуйх дээрээ тулаагүй
гэдгийг эрхэм ерөнхийлөгч ойлгохгүй байна. Бид яаж ч ядарсан халуун хошуут мал сүрэг
минь тэжээгээд явчихдаг тийм л хишигтэй түмэн.
Харин өөрийн бодолгүй цуурсан Н.Назарбаев
эртний 15 сая ам.долларын асуудлыг сэргээж, өр авлагын нэг тийш болгохыг
сануулав. Бид олон улсын хурал дээр \”Казахстан улс зээлсэн мөнгөө өгөөрэй” гэж
хэлж байсан удаагүй.
Жич: Н.Назарбаев 1998 онд Монгол Улсад 5000 тонн будаа нийлүүүлж байсан тухай ярьж байж. Энэ үеэр Монгол Улсыг өлсгөлөнд автсан тухай буруу мэдээллийг олон улсын хурлын индэр дээрээс хэлж байжээ.