Улаанбаатар хотын цагдаагийн газраас зохион байгуулж буй \”Архи, тамхигүй ирээдүй” аяны хүрээнд Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн багш, сурган хүмүүжүүлэгчдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, насанд хүрээгүй хүмүүсийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг нэмэгдүүлэх, хууль сурталчлах зорилгоор \”Шавийн мэдлэг багшаас” тэмцээнийг Монголын хүүхдийн ордонд зохион байгууллаа. Тэмцээнд дүүргийн 9-20 дугаар хорооны ерөнхий боловсролын 10 сургуулийн багш, сурган хүмүүжүүлэгчид оролцсон юм.
Архи, тамхины хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр жүжигчилсэн тоглолт бэлтгэж, мэндчилгээ дэвшүүлснээс гадна архи, тамхины тухай хууль, сурталчлан, таниулах зорилгоор \”Хуулийг хэн сайн мэдэх вэ” асуулт, хариултын уралдаан зарлаж, дүгнэсэн байна. Тэмцээний тэргүүн байрт ерөнхий боловсролын 29-р сургуулийн \”Сэцдийн зөвлөл” баг, удаах байрт Ажилчин залуучуудын ээлжийн сургуулийн \”Тахарын өртөө” баг, 116-р сургуулийн \”Мэргэн цох” багууд тус тус эзэлж, \”Өргөмжлөл” мөнгөн шагналаар шагнагдлаа.