Иргэд АН-ын Засгийн газарт үнэлгээ өгч МАН-д үнэмлэхүй
ялалт олгов. Гэвч АН ялагдлын шокноос гарч чадахгүй явсаар оны сүүл мушгиж
байна. Намынх нь лидерүүд \”бид ялж ялагдаж сурсан” гэж тайлбарлаж байгаа ч
үнэндээ улс төрийн төлөвшил тааруу, үзэл бодлоосоо хэзээ ч урваж мэдэх 18-тнууд
шиг л аашилсаар байна.
Энэ хойгуур нь олонх болсон МАН дур зоргоороо аашилж
бүхий л салбарт эзэн сууж эхэллээ. Уг нь чадалтайхан сөрөг хүчинтэй бол МАН-ын
зарим хууль бус үйл ажиллагааг хянаж, цагдах юмсан. Гэвч УИХ-д арай л гэж бүлэг
үүсгэсэн АН-ынхан өнөөдөр \”цай ч үгүй царай ч үгүй” гэдэг шиг дарга ч үгүй
генсек ч үгүй түр орлон гүйцэтгэгчдээр хоног төөрүүлж байна.
Өнөөдөр ямар ч байсан тус намын Үндэсний зөвлөлдөх хороо
хуралдаж таамаг төдий байгаа зарим асуудлыг цэгцлэх сураг дуулдлаа. Тухайлбал, Засгийн газраа унагахад гар бие
оролцсон нэр бүхий гишүүдэд хариуцлага тооцох, намын даргаа сонгох зэрэг
асуудлуудыг хэлэлцэж, нэг тийш нь болгоно гэж эх сурвалжууд мэдээлж байна.
2016 оны УИХ-ын сонгуулийн дараагаас л ҮЗХ-г хуралдуулж
дээрх хоёр асуудлыг хэлэлцэхийг хүссэн ч ирц бүрдсэнгүй. Өнөөдөр ч ирц хүрэх
эсэхийг хэлэхэд бэрх. Гэхдээ ирц хүрээд хуралдаж чадвал сөрөг хүчин чадамжтай
болох үүд хаалга нээгдэнэ. Эрх баригчид ч даруулгатай болох эхлэх тавигдах гээд
байдаг. Даанч АН-ыг удирдах чадамжтай лидер алга. Одоогоор намын
даргын үүрэг гүйцэтгэж буй Д.Эрдэнэбат, АН-ын гишүүн Г.Батхүү, П.Цагаан, Л.Болд,
Л.Гантөмөр, С.Эрдэнэ нар намын даргад яригдаж
байна.
Тэд өөрийн фракц, бүлэглэлдээ лидер. Гэвч унасан намыг
удирдаж босгож ирэх чадамж тэдэнд бий билүү гэж эргэлзэнэ. Мөн эдгээр нэрсийг
харахад хэний фракц намаа удирдах вэ гэдэг өрсөлдөөн явагдаад байх шиг. Дотроо
учраа олоогүй нам яаж ч сөрөг хүчин байх билээ.
Үндэстэн агентлаг