Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Дэлхийн банк группын дэд ерөнхийлөгч Аксел ван Тротзенбург, Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч Мануэла Ферро нар бараалхлаа.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улс, Дэлхийн банк группийн хамтын ажиллагааны 30 жилийн ойн мэндийг хүргэлээ. Өнгөрсөн хугацаанд болон КОВИД-19 цар тахлын үед Дэлхийн банк групп Монгол Улсад дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлэв.
Уулзалтын үеэр цар тахлын дараах эдийн засгийн сэргэлт, ногоон эдийн засгийн шилжилт, ногоон санхүүжилт, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар дэлгэрэнгүй ярилцлаа.
Монгол Улс богино хугацаанд макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах, төсвийн алдагдлыг бууруулах, өрийн тогтвортой байдлыг хангах, гадаад валютын хангалттай хэмжээний нөөц бүрдүүлэх замаар эдийн засгийн богино хугацааны болзошгүй эрсдэлийн эсрэг дархлаатай байхад онцгой анхаарч байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцоллоо.
Түүнчлэн Монгол Улс нь байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд онцгой анхаарал хандуулж байгаа бөгөөд Ногоон хөгжлийн жишиг орон болох, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх, ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлээр бүс нутгийн түвшинд идэвх санаачилгатай ажиллана гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч хэлэв.
Дэлхийн банк группийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлд явуулж буй үйл ажиллагаа, манлайллыг тууштай дэмжихээ илэрхийлж, түүн дотроо тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах үндэсний хөдөлгөөн, түүний хэрэгжилт болон санхүүжилтийн тал дээр мэргэжлийн зөвлөгөө өгч, боломжит бүх дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаа илэрхийллээ.