Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Маргааш өдөр Завхан, Сэлэнгийн нутаг, Хөвсгөлийн өмнөд, Архангайн зүүн, Говь-Алтай, Булган, Төв аймгийн хойд хэсгээр цасан шуурга шуурна.
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:
Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр, 18-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна
2016 оны 11 дүгээр сарын 18-наас 11 дүгээр сарын 22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
18-нд ихэнх нутгаар, 19-нд нутгийн хойд хэсгээр, 20,21-нд зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 18,19-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. 18-наас нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 27-32 градус, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 11-13 градус, хүйтэрч өдөртөө 7-9 градус хүйтэн байна.