“Монгол мөрөөдөл” клуб, “Урбан иргэдийн форум” хамтран “Ковидын үеийн Монгол Улс” хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Уг хэлэлцүүлгээр ковид эрүүл мэнд, боловсрол, эдийн засгийн салбарт ямар нөлөө үзүүлсэн талаар ярилцаж хийж, өнгөрсөн хугацаанд өрнөсөн алдаа, оноогоо хэлэлцсэн юм.
Хэлэлцүүлгийн үеэр Ерөнхий сайд асан М.Энхсайханаас “Ковидын үеийн Монгол Улс” сэдвийн хүрээнд байр суурийг нь сонслоо.
Тэрбээр “Энэ хурлын үеэр олон шинэ мэдээлэл сонслоо. Оксфордын судалгааны байгууллага засгийн газруудын ковидын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээг харьцуулсан индекс гаргасан байдаг. Үүнээс харахад цар тахал гарсан эхний үед хамгийн хүчтэй хязгаарлалт, хөл хориог тогтоосон улс нь манай улс байлаа. Гэсэн хэдий ч тэдгээр арга хэмжээнийх нь үр дүн төдийлөн сайн байгаагүй. Мөн цар тахлын эсрэг авч буй арга хэмжээ нь мэдрэмжтэй байсан эсэх үзүүлэлтэд манай улс сүүл мушгисан байна.
Ковид зөвхөн вирус биш бидний араншныг тодорхойлж өглөө. Бид огцом, сүржигнэсэн байдлаар хандаж ковидыг дайсан мэтээр бодож харах өнцгөө тодорхойлсон байна.
Цар тахлаар айлгах, айлгаснаараа менежмент хийх гэж оролдох нь бидний араншныг илтгэж байна.
Цар тахлаар айлгах, айлгаснаараа менежмент хийх гэж оролдох нь бидний араншныг илтгэж байна. Цар тахал бидний энэ араншныг ил болгоод өгчихлөө. Бидэнд засамжлах зүйл олон байна.
Улсын, нийслэлийн онцгой комиссыг байгуулж, эмнэлгийн байгууллагын өөрсдөө хийж чадах ажлыг нь, эрх мэдлийг нь ч аваад л. Энэ бол бидний араншныг л харуулаад байгаа юм. Ийм аргаар асуудалд хандаж болохгүйг нийгэм бидэнд хэлж байна.
Ковид тийм амар арилахгүй. Бүгд өөр өөрсдийнхөө хариуцсан ажлыг л хийх ёстой. Эрх мэдлийнхээ хүрээнд ажиллаж сурах ёстой. Онцгой комисс хэмээн байгуулж, дайсантай байлдах гэж буй мэт хандлага нь бидний том алдаа байсныг харж болохоор байна.
-Цаашид цар тахлын эсрэг авах арга хэмжээний юунд илүү анхаарвал үр дүнтэй байх бол. Таны байр суурь?
-Үүн дээр маш олон зүйлийг ярих байх. Гэхдээ шууд тоочиж хариулж чадахгүй нь. Гэхдээ эдийн засагчийн зүгээс харахад нэг зүйл ойлгомжтой байна.
Ковид намжих болоогүй. Дэлхийн улс орнуудад халдварын тархалт харилцан адилгүй, улс хооронд дамжиж тархах нөхцөл үргэлжлэх нь. Энэ утгаараа эдийн засгийн сэргэлтийн тухай ярих болоогүй. Харин одоо байгаа эдийн засгаа хэрхэн хамгаалж үлдэх, ирээдүйн суурийг бодож ажиллах вэ гэдгийг тодорхойлох шаардлага байна.