Эрүүл мэндийн сайд С.Энхболд омикрон хувилбарын талаар мэдээлэл хийв.
Тэрээр “Омикрон хувилбар нь бусад хувилбартай харьцуулахад дахин халдварлуулах эрсдэл өндөр, одоо хэрэглэж байгаа лабораторийн оношлуураар илрүүлэх боломжтой.
Омикрон хувилбарын халдварлах чадвар, өвчлөл хүндрэл болон вакцины нөлөөг судалж байна. Эрсдэлд суурилсан хилийн хориог хийхийг ДЭМБ санал болгож байна.
Омикрон хувилбар дээр пфайзер, модерна, астра зенека зэрэг вакцин үйлдвэрлэгчид туршилт хийж байна. Бүрэн тун вакцин болон нэмэлт тунгийн хамралт өндөр улс орнуудад эрсдэл бага байх магадлалтай гэх таамаглалыг эрдэмтэд хийжээ.
Их Британи, АНУ зэрэг улс орны гол тактик эрсдэлд суурилсан хилийн хорио, вакцины бүүстэр тунгийн хамралтыг нэмэгдүүлж, иргэддээ амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих зэрэг зөвлөмжийг өгч байна” гэв.
2021 оны арваннэгдүгээр сарын 30-ны байдлаар манай улсын нийт хүн амын 70 хувь нь нэгдүгээр тунд, 66 хувь нь хоёрдугаар тунд, 21 хувь нь гуравдугаар тунд хамрагдаад байна гэж Засгийн газраас мэдээллээ.