Карибын тэнгисийн Барбадос улсын албан ёсны тэргүүн нь Их Британийн хатан хаан байв. Тэгвэл арваннэгдүгээр сарын 30-ны өдөр улс төрийн энэ тогтолцооноосоо Барбадос татгалзан, Бүгд найрамдах улс болж, Их Британийн мэдлээс гарсан байна.
Бүгд найрамдах улс болсноо тунхагласны дараа эрх баригчид дуучин Рианнад үндэсний баатар цол олгожээ. Ерөнхий сайд “Бид та бүхэнд Барбадос улсын үндэсний баатар, элч Робин Рианна Фентиг танилцуулж байна. Очир алмаз мэт гялалзаж яваарай” хэмээн Рианнагийн хамгийн алдартай дуунуудын нэг болох “Diamonds”-аас иш татан хэлжээ.
Тус улсын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Сандра Мэйсон мөн ажилдаа орсон байна. Уг ёслолын ажиллагаанд Их Британийн хаан ширээг залгамжлагч, хунтайж Чарльз оролцжээ. Тэрээр “Бүгд найрамдах шинэ улс байгуулах нь шинэ эхлэл юм. Бидний түүхэд хар толбоо үлдээсэн аймшигт, харгис боолчлолын хар бараан өдрүүдээс хойш энэ арлын иргэд тууштай замаар алхсаар өнөөдөртэй золголоо” хэмээж, хатан хаан II Элизабетийн аз жаргал хүссэн ерөөлийг уламжилжээ.
300 мянга гаруй хүн амтай, Карибын тэнгисийн арал улс нь XVII зуунаас эхлэн Их Британийн колони болсон байна. Энэ арал улсын гол эдийн засаг нь боолын хөдөлмөр шингэсэн газар тариалан байв. Боолчлолыг Британийн колони улсуудад 1834 онд халжээ.
1966 онд Барбадос Их Британийн зөвшөөрлөөр тусгаар тогтнолоо зарласан ч Британи Үндэстнүүдийн хамтын нөхөрлөлд үлдсэн байна. Тиймээс хатан хаанд захирагчийг нь томилох эрх хэвээр үлджээ. 2020 оны есдүгээр сард Барбадосын эрх баригчид Их Британийн хатан хааны мэдлээс татгалзахаар шийдсэн байна. Энэ хүсэлтэд Букинхэмийн ордон татгалзсан хариу өгөөгүй бөгөөд эрх баригчдаа сонгох нь улсын дотоод асуудал хэмээсэн нь Барбадосын хувьд гэнэтийн мэдээ байв.
Эх сурвалж: RBC