1911 оны 12-р сарын 14-нд Норвегийн аялагч, мөсөн бүрхүүлт газар нутаг болон Антарктид судлалын томоохон төлөөлөгч Роалд Амундсенээр /Roald Engelbregt Gravning Amundsen/ удирдуулсан баг хүн төрлөхтнөөс анх удаа өмнөд туйлын төвд очиж чадсан юм.
Амундсен 1903-1906 оны хооронд гурван жил гаруй, 6 хүний бүрэлдэхүүнтэй багийн хамт Норвегид үйлдвэрлэсэн Gjøa нэртэй 45 тонн-ын багтаамжтай загасчлалд зориулсан завийг 13 морины хүчин чадалтай парафин хөдөлгүүрээр тоноглон Атлантын далайгаас Номхон далай хүртэл Канадын баруун хойд бүсийг анхлан судалсан гайхалтай амжилтыг үзүүлээд байсан юм.
Тэрээр 1906 оны 11-р сард Ослод /Oslo/ эргэн ирээд шинэ хаан 7-р Хааконд /Haakon VII/ үнэнч албат нь гэдгээ мэдэгдэхийн хамт өмнө хийсэн судалгаагаа танилцуулж, цаашид ч илүү ихийг хийхээ амласан.
Ингээд дараагийн аялалаа хойд туйлруу аялан Арктикийн орчмыг судлахад чиглүүлэхээр төлөвлөж байсан боловч 1909 онд АНУ-ын Фредерик Кук, Роберт Пири /Frederick Cook, Robert Peary/ нар хоёр өөр экспедици гарган үр дүнд нь Хойд туйлд хүрсэн гэдэг нь зарлагдсан тул ивээн тэтгэгчид нэгэнт нээгдсэн газарт ач холбогдол өгөхгүй гэж үзэн аялалаа Антарктидруу чиглүүлсэн байна.
Түүний зорилго тодорхойгүй байсан нь Амундсений Норвеги дахь дэмжигчид тэр тусмаа тухайн жилд Антарктидруу аялал төлөвлөөд байсан Скоттыг /Robert F. Scott/ төөрөгдөлд оруулав.
Гэвч Амундсений өмнөд туйлын зорилго холбироогүй бөгөөд өмнө нь аялагч, эрдэмтэн, дипломат, хүмүүнлэгийн үйлстэн Фриджоф Нансений /Fridtjof Nansen 1922 оны Энхтайвны нобелийн шагнал авч байсан/ ашиглаж байсан Фрам /Fram/ хөлгийг ашиглан 1910 оны 06-р сарын 03-нд Ослогоос өмнөд зүгрүү хөдлөв. Тэрээр Африкын баруун хойд талд байдаг Мадейра /Madeira/ арал дээр ирсэн хойноо түүнийг мөн Антарктидруу хөдлөх вий хэмээн сэрэмжлүүлэх үүднээс ноён Скоттд “Амундсен миний бие нэгэнт Антарктидын хойд бүс орчимд явж байгааг мэдэгдэе” гэсэн цахилгаан илгээж байж.
Бараг зургаан сарын дараа буюу 1911 оны 01-р сарын 14-нд тэдний багийнхан өмнө нь “Их мөсөн хаалт” хэмээн нэрлэдэг байсан Уэлсийн булан дахь Россын мөсөн тавцангийн /Ross Ice Shelf/ зүүн захд хүрч ирэв. Амундсен энд Фрамхайм /Framheim/ гэж нэрлэсэн үндсэн баазаа байгуулав.
Энэ багийнхан Антарктидын төв цэгт очихыг оролдсон өмнөх багуудаас өөр нь тэдний сонгодог байсан хүнд нүсэр хувцаснуудаас татгалзан, Инуит маягийн үслэг арьсаар хийсэн хөнгөн хувцаснуудыг илүүд үзсэн юм.
Түүний багийнхан тээврийн хэрэгсэлдээ нохой чарга, цана ашиглаж Өмнөд туйлын шугамын дагуу 80, 81, 82-р градусын өргөргийн орчимд хангамжийн цэгүүдийг байгуулав. Тэд замын махны хэрэгцээгээ зарим нохойгоо алж зохицуулахаар төлөвлөсөн байв.
Хелмер Йохансен, Кристиан Преструд, Йорген Стубберуд /Hjalmar Johansen, Kristian Prestrud, Jørgen Stubberud/ зэрэг гишүүдтэй бүлэг 9-р сарын 8-нд хөдөлсөн боловч хэт хүйтний улмаас аялалаа зогсоох шаардлагатай болжээ. Хүнд бэрх ухралт нь бүлгийн дотор маргаан үүсгэв. Амундсен тэр дор нь төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулж Йохансен болон бусад хоёр эрийг одоогийн “Хаан Эдвард VII”-ын газрыг судлуулахаар явуулав.
Олав Бяаланд, Хелмер Хансен, Сверре Хассель, Оскар Вистинг /Olav Bjaaland, Helmer Hanssen, Sverre Hassel, Oscar Wisting/ Амундсен нараас бүрдсэн таван хүний бүрэлдэхүүнтэй хоёр дахь оролдлогын баг аравдугаар сарын 19-нд үндсэн баазаас хөдлөв.
Тэд дөрвөн чарга, 52 нохойтой эхэлсэн.
Өмнө нь танигдаагүй Аксель Хайбергийн мөсөн голын /Axel Heiberg Glacier/ дагуух маршрутыг ашиглан тэд 11-р сарын 21-ний өдөр дөрвөн өдрийн авиралтын дараа “Туйлын тэгш өндөрлөг”-ийн /Polar Plateau/ захад иржээ.
Тус баг үлдсэн 16 нохойны хамт Скоттын бүлгээс нэг сарын өмнө буюу 12-р сарын 14-нд Өмнөд туйлын төв цэгт ирж зорьсондоо хүрснээр, энэ хязгаарт хүрсэн анхны хүмүүс болж чадав.
Амундсен төв цэгийн хуарангаа Полхейм /Polheim/ хэмээн нэрлэж, Антарктидын өндөрлөгийг “Хаакон VII хааны өндөрлөг” хэмээн нэрлэв. Тэд үндсэн бааздаа эсэн мэнд буцаж очихгүй байж болох нөхцөлд байсан тул өөрсдийн хийсэн бүтээснээ мөнхөлсөн жижиг майхан, захидал бичиж үлдээсэн байв.
1912 оны 1-р сарын 25-нд багийн бүх гишүүд амьд, үлдсэн 11 нохойтойгоо хамт Фрамхаймд ирэв. Тэд Антарктидаас хөдлөн Австралийн Хобарт /Hobart/ хотыг зорьсон бөгөөд Амундсен 1912 оны 3-р сарын 7-нд Өмнөд туйлыг эзэлсэн амжилтаа олон нийтэд албан ёсоор зарлан тунхаглав.
Амундсены экспедиц амжилт гаргахад түүний нямбай бэлтгэл, сайн тоног төхөөрөмж, зөв сонгосон хувцас, энгийн үндсэн бэлтгэл ажил, нохойны талаархи ойлголт сайн, түүнтэй харьцах байдал, цаныг үр дүнтэй ашиглах зэрэг нь ашиг тусаа өгсөн гэж үздэг.
Ноён Амундсены багийн нээсэн Өмнөд туйлыг хүн төрлөхтөн одоо ч үргэлжлүүлэн судалсаар байна. Өнөөдөр Өмнөд туйл олон улсын эрдэмтдийн хамтын ажиллагааны нэг төв болсон.
АНУ-ын Антарктидын хөтөлбөрийн ашиглаж байгаа станцыг Амундсен болон түүний өрсөлдөгч Скотт нарын дурсгалд зориулан Амундсен-Скоттын Өмнөд Туйлын Станц /The Amundsen–Scott South Pole Station/ гэж нэрлэсэн.