Өнөөдөр “Найдваргүй болсон начин Э.Энхбатыг маргааш эх оронд нь авчрахаар болжээ” гэсэн мэдээ гарч эхэллээ.
Тэгвэл энэ үнэн аж.
Өнгөрсөн хавар түүнийг ар гэрийнхэн нь Өмнөд Солонгос руу эмчлүүлэхээр яаралтай авч явсан ч долоон сарын турш эмчилгээ хийлгээд биеийн байдал нь дээрдээгүй, ухаан ороогүй учраас эмчилгээг зогсоосон байна.
Тодруулбал Солонгос эмч нар чадах бүхнээ хийлээ одоо цаашид хийх эмчилгээ байхгүй гэж үзээд эмчилгээг нь зогсоох шийдвэр гаргаснаа ар гэрийнхэнд мэдэгдсэн байна. Иймээс ар гэрийнхэн нь Э.Энхбат начинг Монгол руу авчрахаар сарын өмнөөс хөөцөлдөж энд авчраад ямар эмнэлэгт хэвтүүлэх талаар хэд хэдэн эмнэлгээс гуйжээ.
Эцэст нь “Сонгдо” эмнэлэг хүлээн авахаар болсон байна. Тархины үйл ажиллагаа сэргэхгүй ингэж удсан тохиолдолд сэхнэ гэдэг хэцүү юмсанж. Анагаахын хэлээр “ургамал” болчихсон болохоор манай эмч нар хөл дээр босгож ирнэ гэдэгтээ итгэхгүй байгаа бололтой.
Өнгөрсөн хавар буюу 2021 оны 4-р сарын 2-ны өдөр Олимпийн аварга, МҮОХ-ны дарга Н.Түвшинбаяр өөрийн найз болох Улсын начин Э.Энхбатыг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсанаас болж ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт хүргэгдсэн байв. Э.Энхбат начин тархиндаа хүнд гэмтэл авсан учир ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт олон хоног бүрэн унтуулгатай эмчлүүлж байгаад БНСУ-ыг зорьсон юм. Хар багаасаа нөхөрлөсөн хоёр найз юунаас болж муудалцан ийнхүү нэгнээ алах шахсаныг бүү мэд.
Ямартай ч цагдаагийн байгууллагаас уг хэргийг шалгаж дуусгаад прокурор луу шилжүүлээд байгаа. Прокуророос Олимпийн аварга, МҮОХ-ны дарга Н.Түвшинбаярыг 5-12 жилийн хорих ялтай зүйл ангиар яллах дүгнэлт үйлдээд байгаа юм. Харин энэ дүгнэлт Э.Энхбат начны биеийн байдал яаж эргэхээс хамааран өөрчлөгдөж магадгүй болоод байна.