Коронавирусийн Омикрон хувилбарын тархалтыг хязгаарлахын тулд шинэ жилээр бүрэн хөл хорионы дэглэмд шилжих шийдвэрийг Нидерланд улсын ерөнхий сайд Марк Рутте өчигдөр зарлажээ.
Хүнснийхээс бусад бүх дэлгүүрүүд, ресторанууд, баарууд, кино театрууд, музейнүүд Ням гарагаас эхлэн нэгдүгээр сарын 14 хүртэл хаалгаа барих бол сургуулиуд нэгдүгээр сарын 9 хүртэл хаагдахаар болсон байна.
Зул сарын баярын өдөр буюу арванхоёрдугаар сарын 25-наас бусад бүх өдрүүдэд хоёроос илүү зочин хүлээж авахыг айл өрхүүдэд хоригложээ.
“Өнөөдөр би энд муу мэдээ дуулгахаар зогсож байна. Нэг үгээр хэлбэл маргаашаас эхлэн Нидерланд улс хөл хорионы дэглэмд шилжинэ. Цар тахлын тав дахь давлагаа эхэлж, Омикрон хувилбар бидний төсөөлж байснаас хурдтай тархаж буй тул ингэхээс өөр арга алга. Бид урьдчилж арга хэмжээ авах ёстой” гэж Марк Рутте телевизээр ард түмэндээ хандаж хэлсэн байна.
Энэ оны сүүлээр Нидерландад бүртгэгдэх халдварын тохиолдлуудын дийлэнх нь Омикрон хувилбар болж, Дельта хувилбарыг гүйцэх тооцоо гарсан тухай тус улсын цар тахалтай тэмцэх багийн тэргүүн Яап ван Дизел өчигдрийн хурлын үеэр мэдээлжээ.
Омикрон хувилбарын тархалт нэг хоногийн дотор 2.5 дахин өссөн тухай Их Британийн засгийн газрын эрүүл мэндийн агентлаг UKHSA өчигдөр зарласан байна.
Баасан гарагийн оройн 6:00 цагийн байдлаар вирусийн шинэ хувилбараар халдварласан тохиолдлын тоо тус улсад 25,000 хүрсэн нь өмнөх өдрийн 10,000 орчим тохиолдлоос огцом нэмэгдсэн хэрэг байв.
Пүрэв гарагт Омикрон хувилбараар халдвар авсан өвчтөнүүдээс долоон хүн нас баржээ. Үүнээс өмнө хүн барсан тохиолдол ганцхан бүртгэгдээд байсан юм.
Омикрон хувилбараар халдвар аваад хүндэрч, эмнэлэгт хүргэгдсэн хүний тоо Пүрэв гарагт 65 байсан бол Баасан гарагт 85 болж нэмэгджээ.
Нийслэл Лондон хотод коронавирусийн халдварын улмаас эмнэлэгт хэвтсэн өвчтөний тоо нэг долоо хоногийн дотор 30 орчим хувиар өссөн байна.
Баасан гарагийн байдлаар Лондонд бүртгэгдсэн халдварын шинэ тохиолдлуудын 80 гаруй хувь Омикрон хувилбараар өвчилснийг албаны тоо баримт харуулжээ.
Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон энэ амралтын өдрүүдэд засгийн газрын шуурхай хуралдаан зохион байгуулахаар болсон байна. Хуралдаанд Шотланд, Уэльс, Умард Ирландын засаг захиргааны төлөөлөгчид оролцохоор болжээ.
Баасан гарагт Их Британи даяар халдварын 90,418 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь цар тахлын үеийн дээрээсээ хоёрт орох өндөр үзүүлэлт болсон юм.
Энэ долоо хоногт бүртгэгдсэн халдварын шинэ тохиолдол өмнөх долоо хоногоосоо 44.4 хувиар нэмэгджээ.