БНСУ-ын Өмнөд Кёнсан мужийн Янсан хотын дунд сургуульд сурдаг монгол охин А өнгөрсөн оны долдугаар сарын 3-нд үе тэнгийнхээ солонгос охидод зодуулж, доромжлуулан, зургаан цагийн турш хүчирхийлэлд өртсөн талаар тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд арванхоёрдугаар сарын эхэнд мэдээлснээр олон нийтэд анх ил болсон.
Эх оронд нь амьдарч буй монгол хүүхдийн эрх ноцтой зөрчигдсөнд солонгосчууд эмзэглэн, энэ хэргийг шударга шийдвэрлүүлэхийн тулд Төрийн тэргүүнийхээ сонорт хүргэхээр Хөх ордны цахим хуудсанд өргөдөл гаргасныг дэлхийн өнцөг булан бүрт байгаа монголчууд дэмжиж, саналаа өгсөн билээ. Энэ мэтээр гаргасан цахим өргөдлийг нэг сарын хугацаанд 200 мянган хүн дэмжиж, санал өгвөл Ерөнхийлөгч нь хүлээн авдаг журамтай.
Тэгвэл монгол охины талаарх “Гадаадын иргэн харьяат, сурагч охиныг бүлэглэн зургаан цаг танхайрсан дөрвөн этгээдийн нэрийг зарлаж, хатуу шийтгэл ногдуулна уу” гэсэн өргөдөлд санал хүлээн авах эцсийн хугацаа энэ сарын 1-нээр дуусгавар болж, 232 868 хүн дэмжсэн буюу дээр дурдсан шаадлагад хүрчээ. Тийм учраас 2022 оны эхний өдөр Ерөнхийлөгч нь хүлээн авсан байна. БНСУ-ын Хөх ордны цахим хуудсан дахь “Өргөдөл, санал хүсэлт” булангийн “Хариулт хүлээгдэж буй өргөдөл” гэсэн хэсэгт уг өргөдлийг хүлээн авах хугацааг “2022 оны нэгдүгээр сарын 1” гэсэн огноотойгоор байршуулжээ.