ХНХ-ын сайд А.Ариунзаяа: Нөхцөл байдал хаа хаанаа хэцүү байна. Бид 2022 оны төсвийг батлахдаа КОВИД-19-ийн хуулийг сунгана гэж бодоогүй. Төсвийг батлахдаа цар тахлын үеэр нэмэгдүүлсэн тэтгэмжүүдийг хэвийн хэмжээнд нь бууруулсан.
Ингэхдээ нэмэлтээр олгож байсан тэтгэмж, халамжаас бүх нийтэд хүрч байгаа хүүхдийн мөнгө зэргийг хэвээр үлдээсэн.
Төсөв батлуулсны дараа дэлхий даяар шинэ мутац үүссэнтэй холбоотойгоор КОВИД-19-ийн хуулийг сунгасан. Үүнтэй холбоотойгоор цар тахлын үед хэрэгжүүлж байсан зарим арга хэмжээг хэрхэн үргэлжлүүлэх талаар судалж байна.
Цар тахлын хуулийг сунгахад төсвийн асуудлыг УИХ шийдсэн тул бидний хувьд оногдсон төсөвтөө тааруулж зарцуулах болсон.
Одоо батлагдсан байгаа төсвөөс ямар ажлыг илүү сайжруулах боломжтой талаар судалж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөрийг дэмжих санд тодорхой мөнгөн хөрөнгө байршсан. 2021 онд найман тэрбум төгрөг төсөвлөсөн ч хэрэгжилт нь 4.4 тэрбум байна. 2022 онд 9.4 тэрбум төгрөгийг тус санд төсөвлөсөн.
Энэ төсвийг илүүтэй хүртээмжтэй зарцуулахын тулд ажлын хэсэг байгуулж ажиллахаар боллоо. Иргэдийн төлөөлөлтэй ярилцаад халамж, тэтгэмж гэхээс илүү хөдөлмөр эрхлэлтийг нь дэмжих тал дээр хамтран ажиллахаар боллоо.
Халамжид энэ жил 483 тэрбум төгрөг батлагдсан. Ингэхдээ 1.4 их наяд төгрөг хүүхдийн мөнгөний хэлбэрээр Сангийн сайдын багцад шилжсэн. Цар тахлын үед авч хэрэгжүүлж байсан арга хэмжээ зогссоны улмаас халамжийн мөнгө буурсан.