УИХ-ын намрын чуулганы
өнөөдрийн хуралдаан эхэллээ. Энэ өдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар Өршөөл
үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх
ёстой байсан. Гэвч УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа.
Завсарлага авсан шалтгаанаа
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт \”Хууль зүйн байнгын хорооны
хуралдааны үеэр будилаантай олон санал гарсан. Жишээ нь УИХ-ын гишүүн
Р.Гончигдорж Өршөөлийн хуулийг хэлэлцээд дуусчихсан. Дахин хэлэлцэх
шаардлагагүй. Тоогоор бичснийг үсгээр бичээд явуулья гэсэн. Мөн санал хураалтад
албан тушаалын гэмт хэргийг өршөөх хандлага харагдсан. Тиймээс МАН-ын бүлгийн
гишүүдийн зүгээс албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг өршөөлд хамруулж болохгүй
гэж үзэн тодорхой хуулийн заалтуудаар санал гаргасан ч олонхийн дэмжлэг
аваагүй. Байнгын хороо хуулийг нухацтай хэлэлцэхгүй байна. Ээлжит бус
чуулганаар Өршөөлийн хуульд тавьсан хоригийг хэлэлцээд гишүүдийн олонхийн
дэмжлэг авсан. Гэтэл байнгын хороо өмнөх хуульд өөрчлөлт оруулахгүйгээр өргөн барилаа.
Энэ асуудлыг нухацтай хэлэлцэх ёстой. Тиймээс УИХ дахь МАН-ын бүлэг тав
хоногийн завсарлага хүсч байна” гэсэн юм.
Харин УИХ-ын Хууль зүйн
байнгын хорооны дарга Д.Ганбат \”С.Бямбацогтоо чи шахалт дарамтад ороод байгаа
юм уу. Хэдүүлээ ажлаа хийе л дээ. Өвөл хүйтэн болж байна. Хүмүүсээ чөлөөлье.
Хүний эрх ярьж хэдэн хоног матрын нулимс унагаад л байсан. Тэгсэн одоо болохоор
ямар нэг шалтаг олоод хойшлуулах тухай яриад байх юм” гэсэн хариултыг өглөө.
Энэ маргааны дараа УИХ-ын
дарга З.Энхболд \”Хууль зүйн байнгын хорооны дүгнэлтийг аваад ир. Надад ирээгүй
байна. Энэ тараах гээд байгаа юманд чинь саналын томьёолол алга байна. Ардын
намын бүлэгт тав хоногийн завсарлага өглөө” гэсэн юм.
А.Аюуш