Олон Монголчууд өндөр эрсдэлтэй крипто койныг мэдлэг муутай болон хэрхэхээ мэдэхгүй байдлаар ашиглаж байна. Эдгээр койнд мөнгөө байршуулсан иргэд мөнгөө хурдан өсгөнө гэж найдаж байсан ч ихэнх нь зорьсондоо хүрч чадалгүй их хэмжээний хохирол амссан. Крипто койн арилжаачид хэлэхдээ иргэдийн хохирох гол шалтгаан нь крипто вальют гэж юу болох, түүнтэй хэрхэн арилжаалах талаар мэдэхгүй байгаа явдал гэж тэд үзэж байна.
Койн худалдан авагчид
…Койноо шалгаатахъя. Унасан байна уу, өссөн байна уу үзье. Хэрэв унасан байвал сэтгэл сэртхийдэг. Унасан байхыг харвал тархины эд эс үхжиж байгаа мэт санагддаг.
…IHC койныг хоёрдогч зах зээл дээр гаргахад нь таамаг дэвшүүлсэн. Тэрхүү таамагтай ойролцоо явсан. Ойрын дөрөв, таван сардаа унахгүй байх. Яагаад гэвэл удахгүй гадаадын зах зээлд гарна. Хэрэглэгчид цаашид яах төлөвийг ажиглан, мэдээлэл хүлээж байгаа. Юутай гэрээ хийж, гаднын ямар биржид гарах зэргийг хүлээж байгаа.
…Би IHC койныг бараг 9 төгрөг хүрч байх үед 1 сая төгрөгөөр авсан. 1 сая төгрөг гэдэг бол миний нэг сарын цалин. Анх койн гарлаа гээд хүмүүс маш ихээр шуурсан. Тиймээс миний оруулсан мөнгө ч гэсэн тэгж өсөх юм байна гэж бодоод 1 сая төгрөгөө 20 30 сая болтол өсгөж байгаад машин авчихъя гэж бодоод авсан. Гэтэл энэ койн маань унаад 3 төгрөгт хүрсэн. Миний оруулсан мөнгө 50 илүү хувь уначихсан. Койны талаар мэдлэггүйгээсээ болоод хохирчихсон. Өндөр үнээр аваад ханш унах процессыг дүүжлэгдэх гэж хэлдэг юм билээ. Тиймээс би 1 сая төгрөгөө IHC койнд өгөөд усанд хаясан чулуу шиг хаяж байна. Үүнээсээ маш том сургамжийг авч байгаа.
Б.Ирээдүй IZ койн
Койн гэдэг нь өөрсдийн блокчэйн технологитой зүйлийг хэлнэ. Миний гаргаж байгаа нь токен юм. Токен нь бусдын блокчэйн дээр гаргасан цахим мөнгийг хэлдэг. Койны төслүүд ихээр гарсан учраас Монгол залуус мундаг байна гээд гурван сар ажигласан. Койн бол миний мэргэжлийн мэддэг, анхнаасаа л сонирхсон салбар юм. Монголд койн гарч эхлэхэд анх нэг их тоогоогүй. Мундаг мэдлэгтэй хүмүүс түүнийгээ хийж байг гэж бодсон. Гэтэл тэд бодсон шиг мундаг биш байсан. Монголын койны салбар унаж байна. Тиймээс аврах ёстой юм байна гэх бодол орж ирсэн.
Олон улсын арилжаачин, крипто шинжээч У.Бат-Эрдэнэ
Би 2017 оноос хойш крипто зах зээлд арилжаа хийж байна. Сүүлийн үед Монгол Улсад койн ихээр гарч байна. Иргэд мэдлэг муутай хэр нь шууд орж байгаа. Энэ зах зээлд дээр судалгаа хийгээгүй хүн орвол маш эрсдэлтэй. Үүнийг мэдэхгүй иргэд мөнгөө шууд өсгөнө гэсэн өнгөц үзлээр олон хүн орж байна. Койн гаргаж байгаа хүмүүс иргэдийн дундах эрэлтийг далимдуулан дурын токеноо гаргаж байгаа. Хүмүүсээс мөнгө татаж, босгох зарчмаар ажиллаад байна.