Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч нарт ямар арга хэмжээ авч ажиллах талаар хэлэлцсэн байна. Уг асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо мэдээлэл хийлээ.
ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо: Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банкны чанаргүй зээл, үйл ажиллагааны талаар мэдээллийг сонсч, зарим албан тушаалтнууд танилцуулга хийсэн. Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн хяналт шалгалтын мэдээлэл, АТГ-ын дарга З.Дашдаваа зээлдэгчдийн шалгалтын явцын талаар мэдээллийг өгсөн. Үүнтэй холбоотойгоор Еөнхий сайдаас чиглэл өглөө.
2017 онд батлагдсан хуулийн дагуу Хөгжлийн банкны нийт санхүүжүүлэх зээлийн 60 хувь нь экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох зориулалттай төсөл хөтөлбөрүүдэд олгогдох ёстой. Сүүлийн үед тус банкны үйл ажиллагаа доголдож, чанаргүй зээл нэмэгдэж байгаа мэдээлэл гарсаар байгаа. Өнөөдрийн байдлаар Хөгжлийн банкны 3.1 их наяд төгрөгийн зээлийн багцаас 55 хувь чанаргүй болсон байна. Эргэн төлөлтөд асуудал үүссэн 28 зээлдэгчийн 1.1 их наяд төгрөгийн зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлсэн. Мөн асуудалтай 14 зээлдэгчийн асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж байна. Жишээ нь, Эрүүгийн цагдаагийн газарт гурав, АТГ дээр 10 зээлдэгчийг шалгаж байна. Тодорхой арга хэмжээнүүд авагдаж байна.
Хамгийн гол нь Хөгжлийн банкны зээлдэгч нарын асуудал шүүхийн шатанд шилжээд маш их хугацаа алдаж байгааг өнөөдрийн танилцуулгад дурдсан. Дунджаар нэг зээлдэгчийн асуудал шүүхийн шатанд 69 сар болж шийдэгдэж байх жишээтэй. Энэ нь өөрөө маш их хугацаа алдаж байна. Цаашдаа шүүхийн шатанд хугацаа алдахаас сэргийлэх, авсан зээлийг заавал эргэн төлүүлэх, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг асуудал үүсгэхгүй байхыг Ерөнхий сайд сануулсан.
Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч нарын мэдээллийг 2022 оны нэгдүгээр сарын 20-нд олон нийтэд мэдээлснээс хойш зээлдэгч нар эргэн төлөлтөө хийж эхэлсэн байна. Тухайлбал, нэгдүгээр сарын 24-нөөс хойш өнөөдрийг хүртэл 8.6 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн байна. Олон нийтэд чанаргүй зээлдэгч нарыг зарлахад зарим зээлдэгч зээлээ эргэн төлж эхэлсэн гэсэн үг.
Түүнчлэн, Хөгжлийн банкнаас 520 тэрбум төгрөгийн зээл аваад зориулалтын бусаар ашигласан 20 зээлдэгчийн асуудлыг хуулийн байгууллагад шалгуулах хүсэлтэй байгаагаа банкны удирдлагууд илэрхийллээ.
Засгийн газрын тэргүүний зүгээс Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалтын бусаар ашигласан, давуу байдал үүсгэсэн улс төрийн нөлөөтэй зээл авч, зээлээ төлөхгүй байгаа зээлдэгч нарын асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулж, Засгийн газрын зүгээс шаардлагатай бүх мэдээлэл, дэмжлэгээр хангаж ажиллахыг холбогдох албаныханд чиглэл болгосон гэлээ.