Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл үндсэндээ хагас жил илүүхэн хугацаа үлдэж байгаа ч өрсөлдөөний энэхүү өрөг дээр өнөөдөртөө Н.Алтанхуяг ганцаараа зогсч байна.
Шатрын өрөг дээр нүүдэл эхлэх цаг хараахан болоогүй, тэр бүү хэл Ардчилсан намыг төлөөлж Н.Алтанхуяг тоглоомын талбайд гарах уу, үгүй юу гэдэг асуудал ч албажаагүй байхад тэрбээр бараг л сурталчилгаагаа эхлүүллээ. Түүний хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ илэрхийлсэн мэдэгдэл хийхэд өөрийн болон өрсөлдөгч нам, олон нийт гээд аль ч түвшинд хэн ч гайхан хүлээж аваагүй нь түүнийг хүлээн зөвшөөрч буйн илэрхийлэл биз. Үнэхээр ч тэр Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвших боломжтой, магадлалтай ганц, хоёроор тоологдох улстөрчийн нэг гэдэг нь хэнд ч хүлээн зөвшөөрөгдөх гаргалгаа аж.
Үүнийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа түүнд нэг гараа нөгөөгөөрөө бариад амбициа атгандаа нуугаад амаа хамхиад суух хэцүү биз. Хойш сууж, хугацаа алдаж, хэн нэгний шийдийг хүлээж хүлцэнгүй царай гаргах цаг нь биш учраас тэрбээр намаасаа том загнаж, өөрөө өөрийгөө нэр дэвшигчээр зарласан.
Өнөөдөртөө өрсөлдөөний талбар дээр тэр ганцаараа зогсч байна. Энэ бол сурталчилгаа! Ардчилсан нам намын шинэ даргаа, цаашлаад Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ нэгэнт сунгаагаар шийдвэрлэх нь тодорхой болоод байгаа энэ үед Н.Алтанхуяг саналын хуудас, сурталчилгааны самбар дээр хамгийн түрүүнд өөрийнхөө нэрийг бичиж амжлаа.
Аливаа өрсөлдөөний зарчмаар \”зах зээл”-д хэн түрүүлж байршсан нь хожих магадлалаар илүү. Ардчилсан нам дотор түүний хамгийн том өрсөлдөгч нь байж тун мэдэх Э.Бат-Үүл баатрын нэр өнөөдөртөө саналын хуудас дээр биш хавтаст хэрэгт бичээтэй, хувь заяа нь хааш эргэх нь тодорхойгүй байгаа. Үгүй ядахад л олон нийтэд тэгж харагдаж байгаа ийм үед Н.Алтанхуяг сурталчилгаагаа эхлүүлээд явж байх.
Хэдийгээр хэн ч албан ёсны сурталчилгаа гэж харахгүй, хэлэхгүй боловч тэр аль хэдийнэ \”өрсөлдөгчөө” өөд уруугүй намнаад эхэлчихсэн хэрэг. Өнөөхөндөө түүний өрсөлдөгч нь өдгөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэж харагдаж байна. Нэгдүгээр хүнийг шүүмжлэн буруутгасан байр сууриа тэрбээр аль өнгөрсөн хавраас эхлүүлэн хэд хэдэн удаа олон нийтэд мэдэгдсэн нь санамсаргүй хэрэг биш байж. Эдгээр мэдэгдлүүдийнх нь хамгийн сүүлчийнх нь ТВ ярилцлагын \”Хар хайрцаг” нэвтрүүлэг боллоо.
Өнөөдөртөө улсын Ерөнхийлөгчийн эсрэг ил цагаан гарч ирээд илэрхий цохилт өгч буй Н.Алтанхуягийн ранк энэ хэрээр түүний зэрэгт хүртлээ өсч байна. \”Өрсөлдөгч том байх тусам том харагдана” гэдэг энэ арга сонгуулийн үед эрчимтэй хэрэгждэг тактик. Ялангуяа манайх шиг бүх сонгууль нь мажоратори тогтолцоотой оронд түгээмэл бөгөөд үр дүнтэй арга байдаг. Тийм ч учраас Н.Алтанхуяг аль хэдийнэ сонгуулийн сурталчилгаагаа эхлүүллээ гэж харагдаж буй.
Хамгийн сүүлийн \”цохилт”-оороо тэрбээр Ерөнхийлөгчөөс айхгүй байгаагаа шуудхан илэрхийлэв. Эргэн тойрныхны нь хүмүүс, тэр дундаа элгэн саднуудыг нь хүчний байгууллагынхан нэг бусаар нь хорьж цагдаж эхэлсэн ч тэрбээр үүнээс айхгүй, харин ч тайван байгаа гэсэн мессеж өглөө. Ах дүү нар нь \”Хуягаа ах аа, та л битгий шантраарай” гэж хэлж байгаа тухай тэр хэлжээ. Үнэн эсэхэд нь эргэлзмээр ч тэр ингэж хэлж чадлаа. Түүний энэ мессеж тун бодлоготой, төлөвлөгөөтэй тактик барьж буйг нь илэрхийлээд зогсохгүй олон салаа утгатай, оновчтой цохилт болон хэн нэгэнд хүрэх ёстой байсан болов уу. Тэр өнөөдөртөө өгсүүр замаар уулын бэл хүртэл явж ирэв. Магадгүй дахиад дээш өгсч болно, оргил дээр ч хүрч мэднэ. Өгсч яваа түүний зам дээр уруудан бууж яваа хэн нэгэн зөрж таарах ч юм бил үү…
Олон зүйлийг хэлж ч чадах, хэлэхгүй байж ч чадахаа ярилцлаган дундаа зориуд дурдаад өнгөрсөн түүний үг бүрийн цаана \”өөхөнд боосон чулуу” одоохондоо нуугдаж байгааг нь улс төрд оролцогч, ажиглагчид бол анзаарч л байгаа. Харин нуусан чулуугаа ил гаргах эсэх нь бүү мэд. Юутай ч тэр өрсөлдөөнөө, сурталчилгаагаа эхлүүлчихээд өрөг дээр зугуу зугуухан урагшилж байх аж.
З.Боргилмаа