Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүүд өнөөдөр /2015.10.02/ Дорнод аймгийн Халх гол сумын иргэдийн өргөдлийг хүлээлгэн өглөө.
Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун \”Чуулганы завсарлагааны хугацаанд тойрогтоо ажиллах үеэр нутгийн 1600 гаруй иргэдийн гарын үсэг бүхий Халх голын чөлөөт бүстэй холбоотой асуудлаар гаргасан өргөдлийг надад өгсөн. Энэ өргөдлийн нэг хувийг албан ёсоор Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороонд хүлээлгэн өгөхөөр нутгийн иргэдийн төлөөлөл Улаанбаатар хотноо хүрэлцэн ирсэн байна” гэлээ.
12.000 га талбай бүхий Шанхайн чөлөөт бүс нутаг дэвсгэрийнхээ хэмжээгээр дэлхийд 1 дүгээрт бичигддэг. Гэтэл Монгол Улс 500 мянган га талбайг чөлөөт бүс болгохоор шийдвэрлэсэн. Монгол Улсын Чөлөөт бүсийн тухай хуулийн дагуу тус бүс нутагт гаднын ажиллах хүчний квот тогтоодоггүй зохицуулалт нь олон эрсдэл дагуулж байна. Тиймээс Халх голын чөлөөт бүс гэдэг нэрийг өөрчилж, олон улсын жишгийн дагуу \”Хөдөө аж ахуйн эрүүл бүс” болгох хүсэлт гаргаж байгаа талаар Халх гол сумын иргэн Л.Мягмарсүрэн, Ж.Гансүх, Ц.Энхжаргал нар Байнгын хорооны даргад танилцуулаад өргөдлийг холбогдох баримт, бичгийн хамт хүлээлгэн өгөв. Түүнчлэн уг өргөдөлд 1600 иргэн гарын үсэг зурсан ч нутгийн бүх иргэд дэмжиж байгааг дуулгав.
Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү хууль, тогтоолын хүрээнд уг асуудлыг судалж, холбогдох газруудаас мэдээлэл авч, Байнгын хороогоор хэлэлцэх болно гэлээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.