“Геологи, уул уурхайн салбарыг эрчимжүүлэх нь” хурлаар салбарын бодлогын хүрээнд хийх ажлууд болон хайгуулын лиценз олголтыг нэмэгдүүлэх тухай танилцууллаа. Монгол Улсын Засгийн газраас баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-д Аж үйлдвэржилтийг сэргээх үйл ажиллагааны хөтөлбөрийн эхний үе шатанд гурван зорилтын хүрээнд 11 арга хэмжээ, хөгжлийн 13 төсөл хэрэгжүүлэхээр тусгасан.
Энэ ажлын хүрээнд эрдэс баялгийн салбарын бодлогын шинэчлэл, уул уурхайн ирээдүйн чиг хандлагыг урьдчилан судлах, түүнд чиглэсэн урьдач нөхцөлийг бүрдүүлэх зорилго бүхий “Геологи, уул уурхайн салбарыг эрчимжүүлэх нь” сэдэвт хурал болсон.
Уг хурлаар салбарын бодлогын шинэчлэл, ирээдүйн уул уурхай гэсэн үндсэн хоёр сэдвийн хүрээнд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголтын шинэчлэл, дэвшилтэт технологийн түүхий эдийн судалгаа, үр дүнгийн талаар хэлэлцэв.
Хурал, хэлэлцүүлгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Үндэсний геологийн алба, АМГТГ, ИБУИНВУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ, Австрали улсаас Монгол улсад суугаа ЭСЯ, АМЕП хөтөлбөр болон Австралийн Хөгжлийн хөтөлбөр хамтран зохион байгууллаа.
“Геологи, уул уурхайн салбарыг эрчимжүүлэх нь” хурлыг нээж салбарын сайд Г.Ёндон илтгэл тавилаа. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас ил тод, нээлттэй, хариуцлагатай засаглалыг бэхжүүлэх зорилгоор салбарт баримтлах бодлогыг хайгуул-олборлолт-боловсруулалт-борлуулалт-хуваарилалт гэсэн 5 үндсэн чиглэлээр боловсруулаад байгаа юм.
Өнгөрсөн оны байдлаар уул уурхайн салбарын төсөвт оруулсан орлого анх удаагаа 4.1 их наяд төгрөгт хүрч, нэгдсэн төсвийн орлогын 29.6%-ийг бүрдүүлжээ. Эрдсийн ханшийн өсөлт тохиосон нь төсвийн орлогыг дээд хэмжээнд хүрч нэмэгдэхэд гол түлхэц болжээ.
2021 оныг уул уурхайн олборлолт, үйлдвэрлэл талаас сайн ажилласан жил болсон гэж сайд дүгнэж байна. Өнгөрсөн онд манай улсын нүүрсний экспорт 56%-ийн биелэлттэй гарсан боловч бусад эрдсийн Хайгуулын тусгай зөвшөөрөл олголтын сонгон шалгаруулалтын журмыг шинэчилсэн талаар тус хурлаар салбарын дэд сайд О.Батнайрамдал танилцууллаа. 2022 онд нийтдээ 4.2 сая га талбайд 350-400 хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгохоор төлөвлөжээ.
Цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийн нөлөөгөөр эрдсийн ханш өсч, түүнийгээ дагаад хайгуулын салбарт орох хөрөнгө оруулалт ч дэлхий дахинд өсөх хандлагатай байгаа юм. Ийм нөхцөлд манай улс хайгуулын салбарт өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхээр хөдөлж, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг шинэчилсэн байна.
Салбарын яамны 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлд хамгийн түрүүнд хийх ажлаар хайгуулын тусгай зөвшөөрөл олголт нэрлэгдсэн байдаг.