Синьхуа Агентлагийн мэдээ: Ковид-19-ийн дельта болон омикрон омог дэлхий даяар тархсаар байгаа одоогийн нөхцөлд энэ хоёроос дахин нийлсэн “дельтакрон” хэмээгдэх омог гарсан тухай судлаачид нотолж байна.
“Томуугийн талаарх мэдээлэл хуваалцах олон улсын санаачилга” платформд, Дельта, Омикроны дахин нийлсэн омог гарсныг “найдвартай баримт” нотолж байна гэж мэдэгдэв. Дахин нийлсэн омог Франц, Нидерланд, Дани зэрэг улс оронд илэрсэн тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага саяхан хийсэн хэвлэлийн бага хурал дээрээ баталжээ.
Энэ оны 1-р сард Киприйн их сургуулийн судлаач Кострикис дахин нийлсэн омгийг илрүүлснээ мэдэгдсэн бөгөөд түүнийг “Дельтакрон” хэмээн нэрлэхээ зарласан юм. Дараа нь бусад улс орнууд иймэрхүү дахин нийлсэн омгийг илрүүлсэн боловч энэ нь жинхэнэ мутаци уу эсвэл дээжийн бохирдлоос үүссэн туршилтын осол уу гэдгийг ялгахад хэцүү гэж мэргэжилтнүүд тухайн үед хэлж байжээ. Одоогоор судлаачид дахин нийлсэн омгийг албан ёсоор нэрлээгүй.
Эх сурвалжид мэдээлснээр, дахин нийлсэн энэ омог нь дельта болон омикрон ижилхэн эсүүдэд халдварласны дараа вирусийг хуулбарлах явцад харилцан генетикийн бодис солилцоноос үүссэн бөгөөд хоёр төрлийн генетик бодисыг биедээ агуулсан шинэ омог бий болсон байна. ДЭМБ-ын Эрүүл мэндийн яаралтай тусламжийн хөтөлбөрийн техникийн захирал Мария Ван Керкхофф энэ сарын 9-нд хийсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, одоогоор энэ омог нь тархвар судлал, хүнд ноцтой байдалд өөрчлөлт гаргасан мэдээлэл гараагүй, маш их судалгаа хийгдэж байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ, тахал дуусаагүй байна, бид хүний амь насыг аврах, ноцтой өвчин, нас баралтыг бууруулахад анхаарахаас гадна вирусийн тархалтыг таслахад эрхбиш анхаарах хэрэгтэй гэжээ.