Судан Улсын Дарфур мужид явагдаж буй Африкийн холбоо, НҮБ-ын хамтарсан UNAMID ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн хээрийн II шатны эмнэлгийн VIII ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн үндсэн үүргээ гүйцэтгэхээс гадна орон нутгийн иргэдэд тусламжийн гараа сунгасаар байна. Саяхан тус цэргийн багийн байрлалд төрөх дөхсөн судан эмэгтэй өөрийг нь эсэн мэнд амаржуулж өгөхийг хүсч, монголын эмч нарт итгэж байгаагаа илэрхийлсэн байна. Манай дайчид бүсгүйн хүсэлтийн дагуу эх барьж, эсэн мэнд амаржуулжээ.
Эхийн бие сайжирч байгаа бөгөөд нярайн биеийн байдал сулавтар байсан ч бүхий л эмчилгээг хийж бие сайжирч эхэлж байгааг албаныхан хэлэв. \”Монгол цэргүүд жирэмсэн эмэгтэйд чин сэтгэлээсээ тусалж, шуурхай ажилласныг өндрөөр үнэлж байгаа бөгөөд та бүхний хэзээд бэлэн, үүргээ ягштал биелүүлдэг чанарыг үргэлж хүндэтгэдэг” гэж НҮБ болоод орон нутгийн удирдлага талархсанаа илэрхийлэв. Хорвоод мэндлээд удаагүй байгаа бяцхан охинд манай энхийг сахиулагчид \”Амира” буюу Монголоор гүнж гэсэн утга бүхий нэр хайрлажээ.
Эх сурвалж: \”Соёмбо” сонин