Шүүхийн захиргааны долоон ажилтан өнгөрсөн сарын 15-19-нд БНСУ-ын шүүхийн захиргааны менежментийг судлаад ирсэн билээ. БНСУ-ын шүүхтэй танилцаж, туршлага судлаад ирсэн захиргааны ажилтнуудын бэлтгэсэн мэдээллийг хүргэж байна.
Бүгд Найрамдах Солонгос Улсад /БНСУ/ 1979 оноос шүүхийг цахимжуулах ТЭЗҮ-г судалж эхэлжээ. Улмаар 1986 онд Иргэний хэргийн цахим системийг нэвтрүүлсэн байна.
Одоогоор БНСУ болон Сингапурын шүүхийн цахим хэргийн систем нь дэлхийд тэргүүлж байгаа юм. Энэ нь сүүлийн жилүүдэд хоёр улсын эдийн засгийн хүрээ тэлсэнтэй нягт холбоотой гэж үздэг.
БНСУ-ын цахим системийн үүсэл хөгжил:
1.Эхний үе шат (1979-1997 он)
a.Шүүхийн цахимжуулах ТЭЗҮ-г судалсан (1979)
b.Иргэний хэргийн цахим систем (1986)
c.Үндэсний шүүхийн зөвлөлд \”Мэдээлэл технологийн хэлтэс”-ийг байгуулсан (1988)
d.Иргэний болон Эрүүгийн хэргийн цахим систем /Host baset System/ (1988)
e.Харилцагч серверт суурилсан мэдээллийн цахим систем (1992-1997)
2.Өргөжилт ба дэвшилтийн үе (1998-2004)
a.Мэдээллийн иж бүрэн цахим системийг нэвтрүүлсэн
b.Бүртгэгчдийн дэд систем
c.Дээд шүүхийн цахим хуудас
d.Шүүхийн вэб хуудас
e.Вэб хуудаст суурилсан цахим системд шилжсэн (2003-2004)
f.Цахим гарын үсгийн системийг нэвтрүүлсэн
g.Улс орон даяар мэдээллийн нэгдсэн систем тавьсан
h.Цахим номын сангийн систем
3.Орчин үе (2004-2015)
a.Нэгдсэн шүүхийн систем
b.Гэрчийн байцаалтыг хянах видео систем
c.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх шатуудад тоног төхөөрөмжийн өргөтгөл хийсэн (төлбөр нэхэмжлэх)
d.Цахим шүүхийн танхимын стандарт загвар
e.Орчин үеийн Е-court системийн судалгаа хийж загварыг гаргасан
f.Цахим шүүх ажиллагааны системийг танилцуулах
g.Эрүүгийн хэргийн мэдээлэл солилцох
h.Серверт суурилсан цахим систем
i.Ухаалаг ажил систем
Одоогийн байдлаар БНСУ-ийн шүүхийн хэмжээнд 181 систем ажиллаж байгаа бөгөөд шинээр 9 систем үүсгэгдэж байна.
БНСУ-ын цахимаар нэхэмжлэл хүлээн авдаг хэргийн төрлүүд:
1.Цахим нэхэмжлэлийн давуу тал:
Электрон нэхэмжлэлийн системээр дамжуулан хаанаас ч интернет ашиглан,
① Албан бичгээ электроноор гаргаж өгөх боломжтой
② Эсрэг талын гаргасан албан бичиг эсвэл шүүх байгууллагаас хөтөлсөн шүүх хуралтай холбогдсон бичиг баримтыг электрон шуудан зэргээр хүргүүлэн авах боломжтой
③ Хэргийн тэмдэглэлтэй электрон байдлаар танилцаж, хэвлэн авах боломжтой.
Харин цахим нэхэмжлэлийг ашигласан ч шүүх байгууллагаас тогтоосон шүүх хурлын товын өдөр (өмгөөлөл нотлох баримт гарган бэлтгэх тов, өмгөөлөл нотлох баримтын тов, эвлэрүүлэн зохицуулах товын өдөр зэрэг) –т заавал биеэрээ оролцох ёстой байдаг байна.
2. Электрон нэхэмжлэл ашиглах арга
Электрон нэхэмжлэлийн тусгай цахим хуудастай бөгөөд бүхий л үйлчилгээ нь нэхэмжлэгчийн сонголтын дагуу бүртгүүлсэний дараа ашигладаг. Бүртгүүлэхийн тулд заавал урьдчилан санхүүгийн байгууллага зэргээр дамжуулан тусгайлан авсан нийтийн тусгай зөвшөөрлийн дугаар тоот (захиргааны байгууллага болон нэхэмжлэлийн гүйцэтгэгчийн хувьд захиргааны электрон гарын үсгийн зөвшөөрлийн дугаар тоот) шаардлагатай. Энэ тусгай зөвшөөрөл тоотын дагуу нэвтрэн орсноор нэхэмжлэлийн төрлийг сонгоно. Дараа нь шүүх байгууллага, хэргийн дугаар, электрон нэхэмжлэлийн тусгай дугаар, нэхэмжлэлтэй ямар холбоотой (оролцогч, харгалзагч, төлөөлөгч, шүүн шинжээч, мэргэжлийн сэтгэл зүйн зөвлөх, эвлэрүүлэн зохицуулах хорооны гишүүн зэрэг) гэх зэрэг мэдээллийг оруулан бүртгэлийн товчлуурыг дарснаар цахимаар нэхэмжлэл хүлээн авдаг. Үүний дараагаар хэргийн дугаар болон электрон нэхэмжлэлийн тусгай дугаар нь баталгаажна. Ингэснээр электрон нэхэмжлэлийн хэргээр бүртгэгдэж, албан бичиг өгөх, хүргэгдсэн бичиг баримтыг шалгах, нэхэмжлэлийн зардлыг төлөх, тэмдэглэлтэй танилцах зэрэг үйлчилгээг электроноор ашиглах боломжтой.
3. Үйлчилгээг ашиглах хугацаа
Албан бичиг гаргаж өгөх, хүргэгдсэн албан бичиг шалгах, тэмдэглэлтэй танилцах зэрэг үйлчилгээг 24 цагийн турш ашиглах боломжтой. Харин нэхэмжлэлийн зардал төлөх үйлчилгээ нь санхүүгийн байгууллагын үйлчилгээ үзүүлэх цагийн хуваарьтай зохицсон байдаг.
Шүүх байгууллага нь ээлжит болон ээлжит бус байдлаар электрон нэхэмжлэлийн системийг шалган хянах магадлалтай ба тэрхүү хугацааны турш үйлчилгээ үзүүлэх боломжгүй байдаг байна.
Дээрх процессоор цахим нэхэмжлэл хүлээн авахаас эхлүүлэн хэрэг үүсгэх шүүх хуралдаан хүртлэх шүүгч, шүүхийн захиргааны ажилтны үйл ажиллагаа цахимаар явагддаг. Шүүх хуралдаанд хэргийн оролцогч биечлэн оролцож , бусад ажиллагааг цахимаар хийж /2015 оноос хэргийн бусад оролцогч тухайлбал гэрч, шинжээч нарын хүсэлтээр цахим хэлбэрээр шүүх хуралдаанд оролцуулж байгаа/ шүүх хуралдааны явцад нотлох баримтыг цахимаар шинжлэн судалж хэргийг хянан шийдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл, тэнд цаг зав, эдийн засгийн тухайлбал шүүхийн бичиг хэргийн зардлыг хамгийн цогцоор бүрэн шийдэж чадсан техник технологийн дэвшилтэт аргыг нэвтрүүлэн хэрэгжүүлж байна.
Цахим нэхэмжлэл хүлээн авах системийг Монгол Улсын шүүхийн системд нэвтрүүлэх шаардлага, боломж
Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй гэж заасан. Үүний дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргахдаа ИХШХШТХ болон ЗХШХШТХ-д зааснаар өөрийн оршин суугаа шүүхийн нутаг дэсгэрт байрлах шүүхийн байранд заавал өөрийн биеэр хүрэлцэн ирж нэхэмжлэлийг гаргаж байгаа.
Техник, тоног төхөөрөмж хөгжсөн энэ цаг үед иргэдийг чирэгдүүлэх, бичиг хэргийн болон бусад зардал (унаа, хоол, ажлын цаг ашиглалт гэх мэт) нэмэгдүүлэх зэрэг нөхцлийг үүсгэдэг.
Иргэн өөрийн биеэр өгсөн нэхэмжлэлийг шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтан хүлээн авч \”Иргэн-2014” болон Захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн программыг ашиглан шүүгч нарт хуваарилж байна. Шүүгч өөрт нь программаар хуваарилагдаж ирсэн нэхэмжлэлийг 7 хоногийн дотор судлан үзэж иргэн, захиргааны хэрэг үүсгэх эсэх талаар шийдвэрлэдэг.
Иймд Монголын шүүх нэхэмжлэлийг заавал шүүхийн байранд хүрэлцэн ирэхгүйгээр цахимаар гаргаж болохоор нөхцөл боломжийг судлах цаг ирсэн.
Манай Улсад Цахим гарын үсгийн тухай хууль 2011 онд батлагдаж хэрэгжиж эхэлсэн. Тус хуульд зааснаар \”цахим гарын үсэг” гэж цахим баримтад гарын үсэг зурсан этгээдийг тодорхойлох зорилготой цахим баримт бичигт хавсаргасан буюу нэгтгэсэн үг, үсэг, тоо, тэмдэг, дүрсийг агуулсан цахим өгөгдлөл, цахим баримт бичгийг хуурамчаар үйлдэх, өөрчлөхөөс хамгаалах зорилгоор тоон гарын үсгийн хувийн түлхүүр ашиглан мэдээллийг криптограф хувиргалтад оруулж үүсгэсэн, уг баримт бичгийн бүрдэл болох цахим гарын үсгийн төрлийг хэлнэ гэж заасан байдаг. Цахим гарын үсгийг тухайн этгээдэд харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатусгай зөвшөөрлийн үндсэн дээр олгох бөгөөд цахим гарын үсэг нь хэзээ ч давтагдашгүй байх шинжтэй байдаг. Цахим гарын үсгийг ердийн гарын үсэгтэй адил хэрэглэнэ гэж заасан байдаг.
Аливаа этгээд цахим гарын үсгийг ашиглан шүүхэд нэхэмжлэлээ цахимаар гаргах боломж бүрэлдээд байна. Тус хуульд Иргэний хуульд заасан бүртгүүлэх болон нотариатаар гэрчлүүлэхээс бусад баримт бичигт цахим гарын үсгийг ашиглаж болно гэж заасан байдаг. Иргэн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа холбогдох нотлох баримтуудыг заавал нотариатаар батлуулж авч ирж өгдөг. Шүүгч нь нотариатаар гэрчлүүлсэн нотлох баримтыг үндэслэн хэрэг үүсгэх эсэхийг шийдвэрлэдэг. Үүнтэй холбоотойгоор аливаа этгээд цахимаар шүүхэд нэхэмжлэл, гомдол, хүсэлт гаргахад заавал нотариатаар гэрчлүүлвэл зохих баримт бичгийг яаж үнэлэх тухай асуудал тулгарч байгаа юм.
2014 оноос бүх шатны шүүхийн шүүх хурлын танхимд шүүх хуралдааны бичлэгийг хийх, бичлэгийг хадгалах зориулалт бүхий иж бүрэн техник тоног төхөөрөмж (камер, микрафон, дэлгэц, зөөврийн хард гэх мэт)-ийг суурилуулан тогтмол ашиглаж байна. Эдгээр төхөөрөмжийг ашиглан шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй хэргийн оролцогчийн хүсэлтийг үндэслэн онлайнаар шүүх хуралдаанд оролцуулж эрхийг нь ханган ажиллаж байна.
Монгол Улсын хувьд цахимаар нэхэмжлэл хүлээн авч шийдвэрлэхэд дараах нөхцөл бүрэлдсэн гэж үзэж байна. Үүнд:
1.21 аймаг 365 сумуудад интернэтийн өндөр хурдны шилэн кабелиар холбогдсон.
2.Шүүхүүдэд техник, тоног төхөөрөмжийн хүрэлцээ хангалттай байдаг.
3.Цахим гарын үсэг тухай хууль хэрэгжиж эхэлснээр иргэн, хуулийн этгээдүүд цахим гарын үсгийн тухай ойлголттой болж хэрэглэж эхэлсэн.
4.Монгол Улсын шүүхийн хэмжээнд иргэний болон захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системийг бий болгосон /2014-оноос/
5.Эдгээр програмуудын аюулгүй байдлыг хангасан нэгдсэн сервер, түүнийг хэрэгжилтийг хангах мэдээллийн технологийн хэлтэстэй болсон.
Хэрвээ Монгол Улсын шүүхүүд цахимаар нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлвэл \”Монголын хуульчдын холбоо”-нд бүртгэлтэй хуулийн фирмүүд иргэд болон байгууллагын өмнөөс цахимаар нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд (шүүх хуралдаанд оролцохоос бусад) цахимаар оролцох явдал сэргэнэ гэж үзэж байна.
Нөгөө талаар цахимаар нэхэмжлэл хүлээн авах, хэргийг цахимжуулах БНСУ-ын туршлагыг нэвтрүүлэхдээ эхлээд тус улсын адил ТЭЗҮ-г судлах шаардлагатай. Дараа нь улсын хэмжээнд сүлжээ буюу 2 нөөц төвүүдийг бий болгож түүний ашиглалт, хамгаалалтыг дээд зэргээр хангаж ажиллах хэрэгтэй. БНСУ-ын шүүхийн тухайд нэг нөөц төв дээр ямар нэгэн асуудал үүслээ гэхэд нөгөө нөөц төв дээр мэдээллүүд хадгалагдсан байдаг. Иймд цахимаар нэхэмжлэл хүлээж авах системийн аюулгүй байдал, бүрэн бүтэн байдал, байнгын ажиллагааг хангах өндөр хүчин чадал бүхий нөөц төвүүдийг бий болгох нь нэн тэргүүний чухал асуудал юм гэж харагдаж байлаа.
Тэмдэглэл бичсэн:
Шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн О.Батдорж, Д.Золжаргал, Э.Мөнхмандах, Д.Орхонтамир