“Монголын эдийн засгийн чуулган-2022” – Шинэ сэргэлт уриан дор зохион яг одоо зохион байгуулагдаж байна. Чуулганы эхний илтгэлийг Дэлхийн банкны макро эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт эрхэлсэн олон улсын захирал Марселло Эстивао тавьсан юм. Тэрээр Монгол Улсын гадаад өр болон, инфляцын талаар анхаарах ёстой хэд хэдэн зүйлийг онцолсныг хүргэж байна.
Ази номхон далай бүсэд Монгол хамгийн өндөр гадаад өр, инфляцтай улс болсон
Тэрээр “Монгол Улсын Засгийн газрын бондын өр нэмэгдэж байна. Монгол Улс энэ бондоо дахин яриа хэлцэл хийх, тохиролцох оролдлого хийж байгаа. Гэхдээ та бүхний энэ өр нэмэгдсээр байвал өртөг зардал чинь маш өндөр болох болно. Монгол Улсын өр өнөөдөр Ази Номхон далайн бүс нутагтаа нэлээд өндөрт эрэмбэлэгдэж байгаа. Тодруулбал, Монголын гадаад өр ДНБ-ий 75 хувь байна. Энэ нь монгол шиг орны хувьд үлэмж өндөр хувь юм.
Монгол Улсын Төв банк Хятадын Ардын банктай своп хэлцлээ сунгах талаар ярьж байгаа. Зөвхөн энэ нь өр ДНБ-ий 12 хувийг эзэлж байна. Мөн Хөгжлийн банкны өр ДНБ-ий таван хувьтай тэнцэж байна. Энэ бүгд нийлээд үндсэндээ Монгол Улсын гадаад өр ДНБ-ий 80 хувьтай тэнцэж байна. Энэ бол Монголын орлогын түвшинтэй харьцуулахад хэт өндөр тоо болж байгаа юм.
Нөгөөтэйгүүр, Монгол Ази номхон далайн бүс дэх хамгийн өндөр инфляцтай орон байна. Төв банкнаас бодлогын хүүгээ нэмэгдүүлнэ гэсэн хэдий ч бодит хүү нь инфляцыг оролцуулбал хасах тоотой гарч байна. Иймд Монолбанкны зүгээс инфляцыг мөнгөний бодлогоор хазаарлах зоримог алхам хийх шаардлагатай. Мөн Хятад улстай хилээ хааснаар төлбөрийн баланс сөрөг хандлагатай болчихлоо. Монголбанк гадаад валютын нөөцөө бууруулж байна. Үүнтэй холбоотойгоо валютын ханш түүхэн дээд хэмжээнд хүрч байгааг та бүгд харж байна. Төлбөрийн баланс валютын сангаас хамаараад муудаж байна. Үндсэндээ Монгол Улс хоёр ханштай улс болсон. Энэ хоёр валютын ханшийн зөрүү улам нэмэгдэж байна. Хоёр сарын өмнө зөрүү нь бага байсан, гэтэл өнөөдөр улам холдчихлоо. Валютын ханшийн хямрал ирж байна. Энэ нь эдийн засаг чинь болохгүй байна шүү гэсэн маш том дохио гэдгийг та бүхэн анхаарах хэрэгтэй. Иймээс макро эдийн засгийн маш үр дүнтэй менежментийг нэвтрүүлэх хэрэгтэй. Та бүхэн одоо юу хийхээ маш сайн мэдэж байгаа. Өмнө 2019 онд гадаад өрөө ДНБ-ий 20 хувьтай тэнцүүлж бууруулж чадсан. Бид буцаад ийм үзүүлэлт авч ирэх хэрэгтэй. Яг одоо энэ маш чухал.
Ерөнхий сайдын хэлсэн үгнээс харахад, энэ жил төсвөө сайн удирдах хэрэгтэй гэж байна. Монгол Улсад Баялгийн сангийн маш сайн хууль батлагдсан. Бид энэ сандаа өр хоорондын тэгш байдлыг хангах үүднээс хөрөнгөө хуримтлуулах хэрэгтэй. Төсвөө зүгээр л халамж, тэтгэмжид зарцуулах нь зохисгүй. Үүнийг хэлж байгаа багагүй инээдтэй л санагдаж байна. Учир нь Ерөнхий сайдын хэлж байгаа үг бол дунд хугацаандаа тэр чигтээ анхаарах зүйл. Миний хувьд үүнд урт хугацааны төсвийн тогтвортой байдлыг хангах хэрэгтэй гэж бодож байна. Хэрэв гэнэтийн савлагаа үүсэхэд төсөв хүчтэй нөлөөлнө. Дээрээс нь сайн мөнгөний бодлогыг хэрэгжүүлсэн байж чадвал бид гадаад савлагаанаас өөрсдийгөө хамгаалж чадна. Мөн гол коридортоо хөрөнгө оруулалт хийх, тээвэр болон боомтын сэргэлтийг хангах чухал байна. Монгол Улсыг транзит монгол болгох бодлогыг баримтална гэдэг маш ухаалаг шийдэл. Мөн гаднаас хөрөнгө оруулалт татахын тулд хөрөнгө оруулалт болон эдийн засгийн засаглалаа сайжруулах хэрэгтэй байна. Үүний тулд банкны салбарын шинэчлэлийг хийх хэрэгтэй. Мөн эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг ил тод болгох хэрэгтэй.
Түүнээс гадна Монгол Улсын эдийн засаг нүүрсний экспортоос их хамааралтай. Нүүрсний эрэлт өнөө маргаашдаа биш ч урт хугацаандаа буурна. Иймд Монгол Улс бүтээмжтэй эдийн засаг, экспортын бүтцээ ямар байдлаар томьёолох вэ гэдгээ бодолцож үзэх хэрэгтэй” гэлээ.